Энэтхэг улсын Махараштра мужийн нэгэн эмнэлэгт өчигдөр хүчилтөрөгчийн нөөц тасалдсанаас үүдэж 22 өвчтөн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. Нөөц тасалдсан шалтгаан нь тус эмнэлгийн нөөцлүүрээс хүчилтөрөгч алдагдсанаас үүдэлтэй юм байна.

Одоогоор 1.3 тэрбум хүн амтай Энэтхэг улсад "Ковид-19" цар тахлын хоёр дахь давлагаа нүүрлэж, эмнэлгүүд нь ачааллаа дийлэхүйд хүрч, амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн хомсдолтой тулгараад байна.
Тус улсад сүүлийн найм хоног дараалан халдварт тохиолдлын тоо 200 мянга давж, халдварын тархалт дэлхийн бусад улсад байхгүй өндөр хурдтай байна.
Лхагва гарагт гэхэд 294 мянга гаруй халдварт шинэ тохиолдол, нас барсан 2000 гаруй тохиолдол бүртгэгджээ. Шинэ Дели, Мумбай зэрэг том хотуудад эмнэлгүүдийн ор дүүрч, хүндэрсэн байсан ч нэмж өвчтөн хүлээж авах боломжгүй нөхцөл байдалд оржээ.
Иймд Засгийн газар нь түр эмнэлгүүд байгуулж, мужууд руу эмч, сувилагч, хүчилтөрөгчийн нөөц илгээж буй юм байна. Тус улсад цар тахлын халдварын тархалт гуравдугаар сараас эрс нэмэгдэхэд нэгдүгээр сард эхэлсэн хинди шашны баяр гол нөлөө үзүүлсний зэрэгцээ "Би1-617" гэх нэршилтэй коронавирусний хавсарсан мутаци Энэтхэгт хурдтай тархаж байж болзошгүй гэж мэргэжилтнүүд нь үзэж байна.
Харин Засгийн газар нь нийслэл Шинэ Дели хотод долоо хоногийн хатуу хөл хорио тогтоож, тавдугаар сарын нэгнээс бүх насны иргэдээ вакцинжуулж эхэлнэ гэдгээ зарласан. Одоогоор тус улсын Засгийн газар коронавирусний вакцины нөөц, нийлүүлэлт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд голлон анхаарч байна.
Энэтхэгт цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдсэнээс болж Австрали, Их Британи зэрэг орнууд Энэтхэгтэй шууд нислэгээ түр хаажээ.
| БНЭУ-ын эмнэлэгт хүчилтөрөгчийн нөөц тасалдсанаас 22 өвчтөн нас баржээ | ||
| Үзсэн: 1193 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.