Дэлхийн хэмжээнд коронавирусний халдварын уршгаар нас барсан хүний тоо гурван саяыг давсныг Жон Хопкинскийн их сургуулийн статистик мэдээлэл гэрчилж байна. АНУ-д нас баралт хамгийн их бүртгэгдсэн бол Бразил энэ үзүүлэлтээр жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Тус улсад нас барсан хүмүүсийг оршуулах цогцолборуудыг шинээр байгуулж байна.
Өчигдөр дэлхийн хэмжээнд коронавирусний халдварын 709 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 141 саяыг давсан байна. Харин нийт эдгэрсэн хүний тоо 120 сая гаруйд хүрчээ.
Энэтхэг улсад хоногт хамгийн их буюу 273 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн тус улсад дэлхийн бусад улс орнуудаас хамгийн их буюу 1627 хүн коронавирусний халдвараас үүдэлтэй өвчлөлөөс болж өнгөрсөн 24 цагт нас барсан байна. Туркэд мөн хүн амын дунд халдвар ихээр тархаж байна.
Герман улсад коронавирусний халдварын уршгаар нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж олон нийт гурван үдэш лаа барьцгааж байна. Харин Германы Ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайер, канцлер Ангела Меркель, Засгийн газрын зарим гишүүдийн хамтаар Берлин хотын концерт хауст "Ковид-19"-ийн халдвараас болж нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзсан байна. Тус улсад цар тахлын уршгаар нас барсан хүний тоо 80 мянгыг даваад байгаа юм.
Дэлхийн зарим улс оронд халдварын нөхцөл байдал бага зэрэг сайжирч, вакцинжуулалтын ажил амжилттай хийгдэж байгаатай холбоотойгоор хорио цээрийн дэглэмүүдээ үе шаттайгаар сулруулж байна. Итали л гэхэд энэ сарын 26-наас сургууль, зоогийн газруудын үйл ажиллагааг сэргээхээр болсноо зарлаад байна. Грек Европын Холбоо, Шенгений орнуудаас ирж байгаа иргэдийг ажиглан тусгаарлалтад оруулахгүй байхаар шийдвэрлэжээ.
Харин Австрали, Шинэ Зеланд улсууд нислэгээ харилцан сэргээж байна. Мөн хүн амаа амжилттай дархлаажуулж байгаагийн үлгэр жишээ болоод байгаа Израиль улсад иргэд заавал амны хаалт зүүх ёстой гэсэн шаардлагыг цуцлаад байгаагийн дээр сургуулиудын хичээл танхимаар орж байна. Гэхдээ коронавирусний мутацид орсон, халдвар тараах чадвартай хувилбарыг Их Британи, Хонконгод илрүүлээд байгааг албаныхан нь анхааруулж сэрэмжлүүлж байна.
Их Британид л гэхэд давхар мутацид орсон аюултай хувилбарыг илрүүлснээ зарлаад байна. Коронавирусний энэ хувилбарын халдвар Энэтхэг, Англи, Шотландад тархаад байна. Хонконгод мөн халдвар хурдтай тараагч вирусний хувилбар Дубайгаас ирсэн иргэнээс илрээд байгааг анхааруулж байна.
Японд хоногт халдварын батлагдсан тохиолдлын тоо 4600-аар нэмэгдээд байна. Токио хотын захирагч Засгийн газарт хандаж дахин онц байдлын дэглэм тогтоох хүсэлт тавьж магадгүйгээ мэдэгдлээ. Мөн халдвар ихээр тархсан хэвээр байгаа нь Токиогийн олимпын наадмыг зохион байгуулах төлөвлөгөөг өөрчлөхөд хүргэж магадгүй гэж мэргэжилтнүүд болгоомжлуулж байна.
Энэ хооронд коронавирусний эсрэг вакцинжуулалтын аян дэлхийн 155 улс оронд үргэлжилж байна. АНУ-д л гэхэд насанд хүрсэн иргэдийнхээ тал хувийг коронавирусний эсрэг вакцинд хамруулаад байна. Тэдгээрийн 32.5 хувь нь буюу 84 сая нь вакцины эхний тунгаа хийлгэсэн байна.
| Дэлхийд коронавирусний халдварын уршгаар нас барсан хүний тоо 3 саяыг давжээ | ||
| Үзсэн: 1431 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.