Шууд Chart

БНАСАУ-ын удирдагч эдийн засгийн хүндрэлд бэлтгэлтэй байхыг ард иргэддээ уриалжээ

2021-04-10 16:18:34

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун эдийн засгийн томоохон хямралд бэлтгэлтэй байхыг ард иргэддээ хандан уриалжээ. Умард Солонгос улсад хүнсний хомсдол, эдийн засгийн тогтворгүй байдал нүүрлээд байгааг олон улсын хүний эрхийн байгууллагууд саяхан анхааруулсан юм.

Умардын удирдагч Эрх баригч хөдөлмөрийн намын удирдах албан тушаалтны бага хурлын үеэр улс орны нь одоогийн нөхцөл байдал 1990-ээд оны их өлсгөлөнгийн үе рүү шилжихэд ойрхон байгааг анхааруулжээ.

Умард Солонгос цар тахлын халдвар дотооддоо алдаагүй, цаашид энэ байдлаа хадгалах гэж хилээ хаасан гэж мэдээлж байгаа ч шинжээчид ийм байх боломжгүй гэж үзэж байгаа юм. Олон улсын эдийн засгийн хориг тус улсын эдийн засагт асар их дарамт болж, дээрээс нь цар тахал гээд хилээ хаасан нь Умардын эдийн засгийн байдлыг хүндрүүлэх үндсэн шалтгаан болжээ.

Хилээ хааснаас болж тус улсын эдийн засгийн амин чухал судас болсон Хятадтай хийдэг худалдаа нь зогсонги байдалд оржээ. 2020 оны эхэн үеэс хойш Хятадтай хийдэг худалдаа нь 50 хувиар буурчээ. Хил давж худалдаа арилжаа хийж ашиг орлого олдог байсан хилийн ойролцоох хотуудад байдал хамгийн их хүндэрч байгаа мэдээлэл сүүлийн саруудад их гарах болжээ. Тухайлбал, Умард Солонгосын хөдөөгийн бүс нутагт өргөн хэрэглээний эрдэнэ шишийн үнэ огцом өсөж, нэг кг эрдэнэ шишийн үнэ нэг сарын цалингаас нь илүү үнэтэй байдаг тухай "BBC" мэдээлжээ.

1990 онд ЗХУ задарснаас үүдэж Умард Солонгос тусламж авах боломжгүй болж, улмаар тус улсад их өлсгөлөн нүүрлэсэн. Тухайн үед тус улсын 3 сая гаруй иргэн өлсгөлөнгийн улмаас амь насаа алдсан байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ-ын удирдагч эдийн засгийн хүндрэлд бэлтгэлтэй байхыг ард иргэддээ уриалжээ   
Үзсэн: 785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй