Шууд Chart

БНСУ-ын эрх баригч нам хотын даргын сонгуульд ялагдал хүлээлээ

2021-04-09 12:10:11

БНСУ-ын эрх баригч Ардчилсан нам хамгийн том хотууд болох Сөүл, Бусаны хотын даргын сонгуульд ялагдал хүлээж байна. Сөрөг хүчний Ардын Хүч Намын нэр дэвшигчид Сөүл, Бусаны даргын сонгуульд олон саналын зөрүүгээр ялалт байгуулжээ. Энэхүү сонгууль ирэх онд болох Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийг угтан, ард түмний санаа бодлыг тандах маш чухал сонгууль юм.

Сөүл, Бусаны дарга тэргүүтэй 21 албан тушаалтныг сонгох нөхөн сонгууль боллоо. Сонгуулийн хорооны нь мэдээлснээр Сөүл хотын даргын төлөөх өрсөлдөөнд сөрөг хүчний Ардын хүч намаас нэр дэвшигч О Се Хун 57,5 хувийн саналаар ялалт байгуулжээ. Тэрбээр 2006-аас 2011 оны хооронд Сөүл хотын даргаар ажиллаж байжээ. Ирэх оны сонгууль хүртэл нэг жилийн хугацаанд Сөүл хотыг удирдах тэрбээр, “Ажлынхаа анхны өдөр та бүгдийг хараад өндөр хариуцлага үүрч байгаагаа дахин мэдэрч байна. Сөүл хотын захиргаа өнөөдрөөс ажилдаа шуурхайлан орно. Нөхөн сонгуулиар нэг жилийн мандаттай сонгогдож байгаа ч гэсэн миний бие та бүгдийн дэмжлэгтэйгээр Сөүл хотод дутагдаж байгаа зүйлийг сайжруулах, өөрчлөхийн төлөө чадах бүхнээ хийх болно.” хэмээн ярьсан байна.

Харин эрх баригч намаас нэр дэвшигч Пак Ян Сун 39 хувийн санал авчээ. Харин Бусан хотын даргад сөрөг хүчнээс өрсөлдсөн Пак Хён Жун 64 хувийн санал, эрх баригч намын нэр дэвшигч 34%ийн санал тус тус авчээ. Эрх баригч ардчилсан намаас сонгогдсон өмнөх хотын дарга нар албан тушаал хаших хугацаандаа бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдсан юм байна. Уг хэргээс үүдэж Бусан хотын дарга албан тушаалаасаа огцорсон бол Сөүл хотын дарга өнгөрсөн онд амиа хорлосон байж болзошгүй байдалтайгаар олдсон юм.

Өмнөд Солонгосын улс төрд ихээхэн нөлөөтэй том хотуудын дарга нар бэлгийн дарамт үзүүлсэн дуулианд холбогдож, үл хөдлөх хөрөнгийн ханш өсөж, нийгэмд тэгш бус байдал газар авах болсноос үүдэн ерөнхийлөгч Мун Жэ Ин болон түүний намын нэр хүнд сүүлийн саруудад ихээхэн унажээ. Харин экс ерөнхийлөгч Пак Гын Хе авилга авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсоноор нэр хүнд нь унаад байсан сөрөг хүчний нам эрх баригч Ардчилсан намын нэр хүнд буурсан эгзэгтэй цаг үед өөрийн байр сууриа дээшлүүлж чадлаа. Тэдний энэ амжилт ерөнхийлөгчийн сонгуульд чухал нөлөө үзүүлж магадгүй гэж хэвлэлүүд онцолжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын эрх баригч нам хотын даргын сонгуульд ялагдал хүлээлээ   
Үзсэн: 1211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй