Шууд Chart

БНХАУ: "АСЕАН" Мьянмарт тогтвортой байдал бий болоход нөлөөлнө гэж найдаж байна

2021-04-04 10:57:09

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Ойрх Дорнодын айлчлалаас ирээд энэ 7 хоногт Зүүн Өмнөд Азийн дөрвөн орны Гадаад харилцааны сайд нарыг хүлээн авч уулзжээ.

Өмнөд Хятадын тэнгис дэх далай тэнгисийн маргаан, Мьянмарын нөхцөл байдал хүндэрсэн үед энэ нь чухал уулзалтад тооцогдож байна. Тэрбээр "АСЕАН"-ы орнууд Мьянмарт тогтвортой байдал тогтооход голлох үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаагаа уулзалтын үеэр илэрхийлжээ.

Энэ жил БНХАУ "АСЕАН"-ы хооронд яриа хэлэлцээ тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Ван И лхагва гарагаас хойш Сингапур, Малайз, Индонез, Филиппин зэрэг "АСЕАН"-ы гишүүн дөрвөн орны Гадаад харилцааны сайд нарыг тус тусад нь хүлээн авч уулзжээ. Тэрбээр Бээжин гишүүн орнуудынхаа дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэсэн "АСЕАН"-ы зарчмыг дэмждэг. Гэхдээ "АСЕАН" Мьянмарт тогтвортой байдал бий болоход голлох үүрэгтэй оролцоно гэж Хятадын Засгийн газар найдаж байна гэж мэдэгджээ.

Бээжингийн энэ байр суурь Өмнөд Хятадын тэнгисийг бүхэлд нь өөрийн газар нутаг гэдэг Хятадын байр суурийн эсрэг "АСЕАН" нэгдмэл бодлого баримлахаас урьдчилан сэргийлэхийг зорьж байна. Нөгөө талаар Уйгаруудын эрхийн асуудал болон Мьянмарын талаар Америк, Европын холбооноос ирж байгаа шахалтыг өөрөөсөө холдуулах оролдлого гэж ажиглагчид Хятадын энэ алхмыг дүгнэж байна.

Хятадын коммунист намын харьяа "Глобал таймс" сонинд Хятад, "АСЕАН" хоёр нэгдмэл байр суурьтай байна гэсэн Хятадын шинжээчийн үгийг иш татан мэдээлжээ. Үүнээс гадна Хятад улс цар тахалтай тэмцэх чиглэлд Сингапуртай ойр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ мэдэгджээ.

БНХАУ нь Сингапурт бүх төрлийн бүтээгдэхүүн экспортлодог бөгөөд Хятад руу чиглэсэн Сингапурын экспортын 95 хувь нь чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу татваргүй гардаг юм байна. Хятад нь 2016 оноос хойш Сингапурын худалдааны гол түнш болж, Сингапур нь Хятадын хамгийн том гадаад хөрөнгө оруулагч болжээ.

Малайзын хувьд Хятадын "Бүс ба зам" санаачилгатай хамтрахаар тохирч, харилцааны шинэ хуудас нээлээ гэж талууд дүгнэж байна. Филиппин, Индонезтэй вакцины салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, бүс ба зам төсөл болон бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд том төслүүд хамтран хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ: "АСЕАН" Мьянмарт тогтвортой байдал бий болоход нөлөөлнө гэж найдаж байна   
Үзсэн: 729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй