Шууд Chart

Суэцийн сувагт гацсан чингэлэг тээвэрлэгчийн ачаануудыг хэсэгчлэн буулгахаар төлөвлөж байна

2021-03-29 13:54:14

Суэцийн сувгийн хөдөлгөөнийг хааж хайрганд шигдэж гацчихаад байгаа чингэлэг тээвэрлэгчийг татан гаргах ажиллагаа өчигдөр үр дүнд хүрсэнгүй. Гэхдээ албаныхан зарим нэг дэвшил гарсан, энэ ажиллагаанд чирэгч хөлөг онгоцуудыг нэмж нэгдээд байгааг мэдэгдсэн байна.

Харин Египетийн эрх баригчид чингэлэг тээвэрлэгчийн ачаануудыг хэсэгчлэн буулгаж хөлгийн нийт жинг багасгахаар төлөвлөж байгаа юм байна. Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас Сиси энэ ажиллагаанд бэлтгэх үүргийг холбогдох албаныхандаа өгсөн байна.

Үүний тулд чингэлэг тээвэрлэгчийн нийт ачааны тал хувийг өөр хөлгүүдэд шилжүүлэн ачих, эсвэл эрэг дээр буулгах хэрэгтэй болох юм байна. Гэхдээ мэргэжилтнүүд ачаануудыг буулгахын тулд тусгай техник төхөөрөмжүүд, тэр дундаа 60 метрийн өргөгч шаардлагатайг анхааруулж байна.

Мөн энэ ажиллагааны бэлтгэл ажлыг хангахад л олон долоо хоног шаардагдана гэж үзэж байна. Аврах тусгай албаныхан далайн хүчтэй давлагааг ашиглан хөлгийг хайрганаас татан гаргахыг өнгөрсөн бямба гарагт чармайсан. Мөн эрэг рүү шургалж орсон чингэлэг тээвэрлэгчийн хамар хэсгийн доороос олон мянган тонн элс, шаврыг ухаж гаргасан. Нийт 27 мянган тонныг ухаж гаргасан мэдээ байна.

Гэвч далайн хүчтэй салхинаас болж энэ ажиллагаанд хүндрэл их гарч байсан байна. Харин чирэгч хөлгүүд чингэлэг тээвэрлэгчийг баруун, зүүн тийш 30 хэмд эргүүлж чаджээ. Энэ төрлийн ажиллагаанд туршлагатай Голландын аврах албаныхан хэт их хүчилбэл чингэлэг тээвэрлэгч тасарч хуваагдах аюултайг анхааруулж байсан.

Чингэлэг тээвэрлэгчийн жолооны хүрд эргэх боломжгүйгээр эргийн хайрга элсэнд суусан байсан бол одоо хөдөлгөж болж байгаа юм байна. Хөлгийн хамар дор усгүй байсан бол устай болоод байгаа нь дэвшил гэж мэргэжилтнүүд мэдээлж байна.

Суэцийн сувагт 400 метрийн урттай "Эвер Гивен" чингэлэг тээвэрлэгч гацсанаас болж ачаа тээврийн 250 орчим хөлөг онгоц тус бүсэд саатаад байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Суэцийн сувагт гацсан чингэлэг тээвэрлэгчийн ачаануудыг хэсэгчлэн буулгахаар төлөвлөж байна   
Үзсэн: 2133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй