Шууд Chart

АНУ Суэцийн сувгийн гацааг гаргахад туслах саналаа Египетийн талд тавьжээ

2021-03-28 10:29:38

АНУ  Суэцийн сувгийн гацааг гаргахад  Египетийн  талд  туслах санал тавилаа.  АНУ-д техник тоног төхөөрөмжийн боломж нь байгаа учир шийдэл гарц олох яриа хэлэлцээг Египетийн талтай хийж байгааг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ АНУ-ын тэнгисийн  цэргийн хүчнийхэн  Египет  рүү  тусгай  мэргэжилтнүүдийн багаа илгээхээр болжээ.

Суэцийн сувагт ширүүн элсэн шуурганы улмаас хайрагдсан  400 метрийн урттай "Эвер Гивен" чингэлэг тээвэрлэгч нь  бусад хөлөг онгоцнуудын замыг хаагаад байгаагийн зэрэгцээ элсэнд улам бүр шигдэж эхэлсэн байна. Баасан гарагт чингэлэг тээвэрлэгчийг татан гаргах ээлжит оролдлого хийсэн боловч амжилтгүй болжээ. Суэцийн  суваг хаагдсанаас болоод Улаан тэнгист тус сувгаар  нэвтрэх хөлөг онгоцнуудын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа аж. Энэ нь дэлхий  даяар бараа  бүтээгдэхүүн нийлүүлэх хуваарийг  алдагдуулахад  хүргэж байгааг мэргэжилтнүүд мэдээлсэн.

Египетийн Ерөнхийлөгчийн зөвлөх Баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ ойрын 2-3 өдрийн дотор асуудлыг шийдвэрлэж чадна гэж найдаж байгаагаа  илэрхийлжээ.  Гэвч шинжээчид  чингэлэг тээвэрлэгчийн ачааг бүрэн  буулгалгүйгээр  байрнаас нь  хөдөлгөж чадахгүй бол  энэ  асуудлыг шийдэхэд  багагүй хугацаа орохыг анхааруулж  байна.

Газар дундын тэнгис болон Улаан тэнгисийг холбодог хамгийн том хиймэл суваг юм. 163 км урттай, хамгийн нарийн хэсэгтээ 300 метрийн өргөнтэй энэ сувгаар жилд 24 мянга орчим усан онгож тээвэр хийдэг. Египетийн эрх баригчид 1869 онд энэ сувгийг барьж дуусгаснаас хойш Африк тивийг тойрохгүйгээр Ази Европ тивийн хооронд хоёр чиглэлийн усан тээвэр хийгдэх боломжтой болсон юм. хэрвээ энэ суваг байхгүй бол Африк тивийг 8900 гаруй км зам туулж тойрно гэсэн үг юм.

Дэлхийн худалдааны гол замуудын нэг болсон энэ сувгаар дэлхийн  бараа эргэлтийн 12  хувийг тээвэрлэдэг  юм. Өчигдрийн байдлаар  Суэцийн сувгаар  дамжин  өнгөрөх маршруттай далайн тээврийн 237 хөлөг онгоц саатжээ.  судлаач  мэргэжилтнүүд  Суэцийн сувгийн хөдөлгөөн ийнхүү хаагдсанаас болж   эдийн засагт  хоногт  10 тэрбум орчим долларын хохирол  учирч  байна гэж урьдчилан тооцоолсон байна.

Чингэлэг  тээвэрлэгчийг  хөдөлгөх  ажиллагааг  далай  тэнгис дэх аврах ажиллагаагаар  мэргэшсэн Нидерландын  Смит  компани удирдан зохион байгуулж  байна. Мөн  Японы  Ниппон Салваж  компани  тусламж  дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм байна. АНУ аас гадна Турк улс ч  энэ ажиллагаанд дэмжлэг  үзүүлэхээ илэрхийлээд  байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Суэцийн сувгийн гацааг гаргахад туслах саналаа Египетийн талд тавьжээ  
Үзсэн: 1606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй