Далайн тээврийн судалгаагаар Суэцийн сувагт дэлхийн хамгийн том ачааны хөлөг онгоцны нэг "Эвер Гивен" гацсанаас үүдэж мягмар гарагаас хойш уг сувагт өдөрт 9.6 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн саатаж буй юм байна. Тухайлбал, Суэцийн сувгийн баруун чиглэлийг өдөрт ойролцоогоор 5.1 тэрбум, зүүн чиглэлийг өдөрт 4.5 тэрбум доллараар үнэлсэн байна.
Ази, Европ тивүүдийн хоорондох хамгийн дөт далайн зам болох Суэцийн сувгийн дагуу цагт 400 сая долларын бараа таваар борлуулагддаг аж.
Хүчтэй элсэн шуурганы улмаас Суэцийн сувагт хайргадсан "Эвер Гивен" ачааны хөлөг онгоцыг хөдөлгөхөөр чирэгч онгоцуудаар татаж байгаа ч мэргэжилтнүүд Сувгийн ачаа тээврийн урсгалыг чөлөөлөхөд хэдэн 7 хоног болж магадгүй гэж тооцож байна.

Египетийн Суэцийн сувгийн удирдах газар хөлгийг гацаанаас гаргахын тулд чирэгч онгоц болон бусад хүнд техник ашиглан, бүх хүчин чадлаа дайчилж байгааг мэдэгджээ.
Өчигдрийн байдлаар 160 гаруй ачааны хөлөг онгоц Суваг чөлөөлөгдөхийг хүлээж саатаж байна. Тэдгээрийн 41 нь задгай тээврийн, 24 нь түүхий газрын тос тээвэрлэгч онгоцууд байна. Иймд өчигдрөөс далайн тээврийн зарим онгоцууд Африкаар дамжих, тойруу зам сонгохоор буцаж эхэлжээ.
Олон улсын ачаа тээврийн холбоо Суэцийн сувгийн энэ нөхцөл байдлаас үүдэж олон улсын бараа таваарын нийлүүлэлт тодорхой хэмжээнд тасалдаж байгааг мэдэгджээ.
Тайванийн "Эвергрийн Маринь" компанийн эзэмшлийн, Ази, Европын хооронд ачаа зөөдөг "Эвер Гивен" ачааны хөлөг онгоц нь 200 мянган тонн жинтэй, 400 метрийн урттай, 60 метрийн өргөнтэй, 20 гаруй мянган чингэлэг тээвэрлэх багтаамжтай юм байна.
Суэцийн суваг нь бараа таваарын хэмжээгээр бол дэлхийн худалдааны 12 хувь дамжин өнгөрдөг, нефтийн бүтээгдэхүүний 10 орчим хувийг тээвэрлэдэг стратегийн чухал замд тооцогддог. Энэхүү сувгаар өдөрт дунджаар 51 хөлөг онгоц нэвтэрдэг юм байна.
Суэцийн сувагт түгжрэл үүссэнээс хойш олон улсын зах зээл дээр брент маркийн газрын тос барель нь 3 хувиар өсөж, 63 америк долларт хүрчээ.
| Суэцийн сувгийн түгжрэлийн улмаас өдөрт 9.6 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн саатаж байна | ||
| Үзсэн: 1542 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.