Израилийн парламентын ээлжит бус сонгуульд экзитполын дүнгээр Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн тэргүүлдэг "Ликуд" нам ялалт байгуулсан байна. Урьдчилсан байдлаар эрх баригч намынхан парламентын 120 суудлын 31-ийг нь авахаар дүн гараад байна.
Гэхдээ Израилийн засгийн газрын тэргүүн Биньямин Нетаньяху сайд нарын шинэ танхимыг дангаар эмхлэн байгуулах боломжтой боллоо гэсэн үг биш юм. Сонгуулийн урьдчилсан дүнгээр сөрөг хүчний Яир Лапид тэргүүтэй Еш Атид нам 18 суудлыг авч 2 дугаарт бичигдээд байна. Өчигдөр болсон парламентын сонгуулийн ирц 60,9 хувьд хүрсэн нь өнгөрсөн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр болсон сонгуулийн ирцээс 5 хувиар бага байна. энэ удаагийн сонгуулийн ирц 2009 оноос хойших хамгийн бага үзүүлэлтэд тооцогдож байна.
Ийнхүү Израильд сүүлийн 2 жилд 4 дэх удаагаа парламентын сонгуулийн санал хураалт болсон нь энэ юм. Өмнөх буюу 23 дахь удаагийн парламент өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын төсвийг хуулийн дагуу тогтоосон хугацаанд баталж чадаагүйгээсээ болж автоматаар татан буугдсан юм.
Орон нутгийн ажиглагчид Нафталь Беннетийн тэргүүлдэг барууны үзэл баримтлалтай Ямин нам Ерөнхий сайд Нетаньяхугийн эвслийг парламентад 61 суудалтай болгохоор байна гэж үзэж байгаа бол сөрөг хүчнийхэн урьдчилсан байдлаар 59 суудлыг эзлэхээр байгаа учир засгийн газар эмхлэн байгуулах боломжгүй болох нь гэж тодорхойлж байна. Ямар ч байсан сонгуулийн дүнг эцэслэж албан ёсоор зарласны дараагаар тус улсад эвслийн засгийн газар эмхлэн байгуулах яриа хэлэлцээ урт хугацаагаар үргэлжилж магадгүй гэж таамаглаж байна. Түүнчлэн дахин хугацаанаас нь өмнө сонгууль зарлахад ч хүрч мэднэ гэж ажиглагчид үзэж байгаа аж.
| Израилийн парламентын сонгуульд эрх баригч “Ликуд” нам ялалт байгуулжээ | ||
| Үзсэн: 872 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.