ДЭМБ-ын эрдэмтдийн зөвлөх баг Оксфорд, "Астразенека" компанийн хамтран гаргасан коронавирусний вакцин хүний цусанд бүлэгнэл үүсгэдэг гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.
Мөн тус зөвлөх баг коронавирусний эсрэг дархлаажуулалтад зориулсан бүх вакцины аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг дэлхийн бүх улс оронд зөвлөж байна.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр "Ковид-19" бол үхлийн аюултай өвчин. Харин Оксфорд, "Астразенека"-гийн вакцин энэ тахлын халдвараас урьдчилан сэргийлж чадна гэж мэдэгджээ. Мөн тэрбээр уг вакциныг "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад үргэлжлүүлэн хэрэглэхийг улс орнуудад уриалж, ДЭМБ-ын тэргүүлж байгаа коронавирусний вакциныг дэлхий даяар тэгш хүртээх зорилготой "КОВАКС" хөтөлбөр ч Оксфорд, "Астразенека"-гийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэнэ гэдгийг онцолсон байна.
Герман, Франц зэрэг Европын орнууд, Тайланд зэрэг Азийн орнууд урьдчилан сэргийлэх үүднээс "Астразенека"-гийн вакциныг дархлаажуулалтдаа хэрэглэхээ түр зогсоогоод байсан юм. Харин пүрэв гарагт Европын эмийн агентлаг "Астразенека"-гийн вакциныг аюулгүй, үр дүнтэй гэж зарласны дараа зарим орнууд уг вакциныг үргэлжлүүлэн хэрэглэж эхэлсэн байна.
| ДЭМБ "Оксфорд", "Астразенека"-гийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэхийг зөвлөж байна | ||
| Үзсэн: 1465 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.