Шууд Chart

В.Путин АНУ-ын ерөнхийлөгчтэй цахимаар нээлттэй ярилцахыг санал болгожээ

2021-03-20 14:01:41

АНУ-ын ерөнхийлөгч ОХУ-ын төрийн тэргүүний талаар таагүй өнгө аястай ярилцлага өгсөн нь хоёр орны харилцааг улам муутгах вий гэсэн болгоомжлол бий болгоод байна. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ойрын хугацаанд цахимаар нээлттэй ярилцахыг АНУ-ын ерөнхийлөгч Байденд санал болгожээ.

В.Путин нээлттэй ярилцах хугацааг энэ баасан гараг эсвэл ням гарагт байх болно гэж сонголттой хувилбар дэвшүүлсэн байна. Харин Америкийн ерөнхийлөгч бусад улс орны удирдагч нартай хараахан яриагүй байгаагийн зэрэгцээ шахуу хувааритай байгаа, Вашингтон Путины саналыг бодож үзээд энэ тухай мэдэгдэх болно гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Бид харилцаагаа хадгалах нь зүйтэй. Өнгөрсөн удаад АНУ-ын ерөнхийлөгч Байдены санаачилгаар бид утсаар ярьсан. Энэ яриагаа үргэлжлүүлэхийг ерөнхийлөгч Байденд санал болгомоор байна. Гэхдээ цахимаар буюу шууд сувгаар ярилцах болзолтойгоор, хойшлуулалгүй, нээлттэй ярилцахыг санал болгож байна.” гэжээ.

Путин Байденд шууд цахимаар ярилцах санал тавихын өмнөхөн Байдены өөрийнх нь талаар хэлсэн үгийг АНУ-ын өөрийнх нь өнгөрсөн болон одоо үед үйлдэж буй хэрэг явдлын тусгал гэж мэдэгджээ.

Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд Америк уугуул иргэддээ хэрхэн хандсан, дэлхийн хоёрдугаар дайны үед Японы хотуудад атомын бөмбөг хаясан шигээ бусдыг өөртэйгөө адилтгаж төсөөлж байна гэж мэдэгджээ. Учир нь энэ 7 хоногт Америкийн тагнуулын төв байгууллага 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийн тулд Оросын эрх баригчид өөрийн тагнуулын сүлжээг ашигласан тухай дүгнэлтээ танилцуулсан. Үүний дараа АНУ-ын ерөнхийлөгч Байден телевизэд ярилцлага өгөх үедээ Оросын ерөнхийлөгчийг алуурчин гэж үздэг эсэх сэтгүүлчийн асуултад тийм гэж хариулсан юм.

Тэрбээр мөн ОХУ-ын ерөнхийлөгч Америкийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсоныхоо төлөөсийг төлөх болно гэж мэдэгдсэн. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Байден Путиныг алуурчин гэж хэлсэндээ харамсахгүй байгаа гэж мэдэгджээ. Байдены ярилцлагын дараа ОХУ хоёр орны харилцааны цаашдын байдлыг хэлэлцэхээр Вашингтон дахь элчин сайдаа Москвад дуудсан байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

В.Путин АНУ-ын ерөнхийлөгчтэй цахимаар нээлттэй ярилцахыг санал болгожээ   
Үзсэн: 1256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй