Шууд Chart

БНАСАУ Малайз улсаас дипломат харилцаагаа тасалж буйгаа мэдэгдэв

2021-03-20 11:51:49

БНАСАУ иргэнийг нь мөнгө угаасан хэргээр шүүхээр АНУ руу шилжүүлснийг эсэргүүцэн, Малайз улсаас дипломат харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдсэн байна.

Тодруулбал, Умард Солонгосын төрийн хэвлэл Малайзын эрх баригчид энэ 7 хоногийн эхээр иргэнийг нь АНУ-д шилжүүлсэн тухай Гадаад харилцааны сайдынхаа мэдэгдлийг нийтэлсэн байна. Харин Малайзын төрийн мэдээллийн агентлаг Куала Лампурт 10 гаруй жил амьдарч байсан Умард Солонгосын иргэн Мун Чол Мёнгийг мөнгө угаасан хэрэгт сэжиглэн, АНУ-ын Засгийн газрын хүсэлтээр 2019 онд баривчлан саатуулсан тухай мэдээлжээ.

Түүнийг 2008 онд Малайзад нүүж ирэхийнхээ өмнө Сингапурт байхдаа НҮБ-ын хориг арга хэмжээг зөрчин Сингапураас Умард Солонгос руу хориотой, тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд оролцсон гэж Америк буруутгаж байгаа юм байна. Умард Солонгосын иргэн Мун Чол Мёнгийн өөрт нь улс төрийн зорилгоор АНУ хэрэг тохлоо гэж Малайзын шүүхэд зарга мэдүүлсэн ч уг шүүх түүний гомдлыг хүлээж аваагүй аж.

Ингэснээр түүнийг АНУ руу шилжүүлэх эрхзүйн орчин бүрджээ.Харин Умард Солонгосын тал иргэн Мун Чол Мёнг нь хууль ёсны дагуу худалдааны ажил эрхэлж байсан. Малайзын эрх баригчид шүүх дээр түүнийг гэм буруутайг нотлох ямар ч баримт нотолгоо үзүүлээгүй. Муний эсрэг үүсгэсэн хэрэг “зохиомол, урьдчилан төлөвлөсөн ажиллагаа. Малайз улс дайсагнасан үйлдэл хийлээ” гэж үзэж байгаа юм байна. Түүнчлэн Умард Солонгосын гадаад харилцааны яам “АНУ бол манай улсын гол дайсан, тэд энэ үйл явдлын ард байгаа, АНУ энэ хэргийн ард зохион байгуулсныхаа төлөөсийг төлөх болно” гэж анхааруулжээ. Умард Солонгос нь 1973 онд Малайз улстай дипломат харилцаа тогтоосон ч 2017 онд Умардын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ахыг Куала Лампурын олон улсын нисэх онгоцны буудал дээр амь насыг нь хөнөөснөөс хойш хоёр орны харилцаа хүйтэн уур амьсгалтай болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ Малайз улсаас дипломат харилцаагаа тасалж буйгаа мэдэгдэв   
Үзсэн: 1169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй