Европт гэлтгүй олон улсад ч Европын эмийн агентлагийн шуурхай зөвлөгөөнөөс гарах шийдвэрийг чих тавин хүлээж байна гэхэд болно. Тус агентлагийн дүгнэлтэд үндэслэн нэгдсэн журмаар вакцинжуулалтаа хийж байгаа Европын Холбоо АстраЗенека компанийн Ковид-19 ийн эсрэг вакциныг цаашид гишүүн орнуудынхаа хүн амыг дархлаажуулахад ашиглах үгүйгээ эцэслэн шийдэх ёстой юм.
Тодруулбал, Европын эмийн агентлаг, цаашлаад Еврокомиссоос зөвшөөрсөн татгалзсан гэдэг 2 шийдвэрийн нэг нь гарах учиртай. Гэхдээ аль аль нь маш хүнд нөхцөлд амаргүй шийдвэр гаргах гэж байна. Энэ өдрүүдэд Европын Холбооны орнуудад халдварын нөхцөл байдал хүндхэн байна. Италиас авахуулаад Испани, Франц гээд олон оронд коронавирусний халдвар буурахгүй цар тахлын 3 дахь давлагааны тухай ярих болсон.
Жил гаруйн турш хорио цээрийн бүхий л дэглэмийг хэрэгжүүлж халдварын тархалтыг тогтоон барихыг чармайж байгаа ч үнэндээ эмч мэргэжилтнүүд нь, иргэд нь ч эдийн засаг нь төдийгүй эрх баригчид нь ч туйлдацгааж байна. Үүнийг өдөр ирэх тусам ачаалал нь нэмэгдэх болсон эмнэлгүүдийн тухай мэдээлэл, энд тэндгүй өрнөх эсэргүүцлийн жагсаал, вакцины хүрэлцээ хуваарилалтаас үүдэлтэй Европын удирдагчдын талцал хуваагдал бэлхнээ гэрчилнэ. Тиймээс АстраЗенекагийн вакцин үр дүнтэй, аюулгүйг мэргэжлийн хяналтын байгууллагууд эцэслэн батлах нь онцгой чухалд тооцогдож байгаа юм. Дээрээс нь Европын Холбооны орнуудад вакцинжуулалт удаашрах тусам хөрш улс орнууд, цаашлаад өөр тивийнхний ч хэвийн амьдралд шилжих хугацаа хойшлох болно.
Хэрэв АстраЗенека эрсдэлтэй нь батлагдвал хүн амынхаа ихэнх хувийг дархлаажуулах өөр төрлийн вакциныг Еврокомисс олж гэрээ хийх хэрэгтэй болно. Мөн Оросын "Спутник Ви", Хятадын вакцинууд зах зээлд байгаа ч эмийн агентлагаараа баталж нийлүүлэлт эхэлтэл бас ч үгүй хугацаа их орох юм.
Урьдчилсан байдлаар Европын эмийн агентлаг ч тэр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч АстраЗенека вакцинаас болоод цусны бүлэгнэл, судасны бөглөрөл үүсэх эрсдэл хүндрэлийн тохиолдол вакцин хийлгэсэн 17-18 сая хүнд харьцуулахад маш бага гэдгийг баталсаар байгаа. Тиймээс ч урьдчилан сэргийлж, хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалахын тулд нягталж шалгах ёстойг хүлээн зөвшөөрч байгаа юм. эрдэмтэн мэргэжилтнүүд ч шалгаж цаашид ч судлах нь зүйтэй ч вакцинаас татгалзаж огт болохгүй гэдэг байр суурин дээр ихэнх нь нэгдэж байна.
| Европын эмийн агентлаг “АстраЗенека” компанийн вакцины талаархи шийдвэрээ танилцуулна | ||
| Үзсэн: 1084 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.