Шууд Chart

ОХУ: АНУ-ын сонгуулиудад хөндлөнгөөс нөлөөлсөн гэх Вашингтоны дүгнэлтэд нотлох баримт алга

2021-03-19 11:10:47

Олон улсын  хэвлэлүүд өчигдрөөс 2 асуудалд онцгой ихээр хандуулж  байна гэхэд болно. Юуны түрүүнд энэ нь АНУ, ОХУ-ын харилцаатай холбоотой.  Тодруулбал  АНУ-ын тагнуулын албадын  нууцын зэрэглэлээс гаргасан тайлан илтгэл,  Ерөнхийлөгч  Жо  Байдены телевизийнхэнд өгсөн ярилцлагынхаа үеэр хийсэн мэдэгдэл зэрэг нь угаас амаргүй байгаа Вашингтон  Москвагийн харилцааг улам бүр хурцатгаад  байгаатай  холбоотой  юм.

Өнгөрсөн  мягмар гарагт  ил болгосон Америкийн тагнуулын албадын  энэ  тайлан  илтгэлд ОХУ 2020 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн үеэр  одоогийн төрийн тэргүүн Байденыг ялалт байгуулахад нь саад учруулах гэсэн,  Трампыг  дэмжихийг чармайсан гэсэн утга  бүхий дүгнэлт багтсан  байсан.  Харин үүнд Кремлийн зүгээс дараах  тайлбарыг хийгээд байна.

Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков "Энэ тайлан илтгэл  дэх дүгнэлтүүдтэй бид санал нийлэхгүй. ОХУ  өмнөх тайланд дурдагдсан 2020 оны сонгуульд нь ч нөлөөлөөгүй. ОХУ аль нэг нэр дэвшигчийг эсэргүүцсэн ямар нэг кампанит  ажилд  огт  холбоогүй.  Үүнтэй холбоотойгоор бид тайлан илтгэлийг нь   буруу,  ямар ч үндэслэлгүй, баримт  нотолгоогүй гэж  үзэж  байна." гэсэн юм.

Түүгээр ч зогсохгүй  Москваг  буруутгасан  Америкийн тусгай албадын  тайланг Оросын эсрэг  ээлжит  хориг  арга хэмжээ  авахын  тулд  гаргаж ирсэн  шалтаг  гэж  үзэж байгаагаа  Дмитрий Песков  илэрхийлсэн  юм. Гэхдээ  АНУ-ын  Ерөнхийлөгч  Байден  тусгайгийнхны  тайлан ил болсны дараа Эй Би Си Ньюст өгсөн ярилцлагынхаа үеэр  Оросын төрийн тэргүүнийг шууд нэр заан буруутгаж, Америкийн  сонгуулиудад  нөлөөлснийхөө  хариуг амсах  болно хэмээн   мэдэгдсэн нь  бүр  их шуугиан  тариад  байна. Ер нь бол 2016 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Кремлийг, ОХУ-ын эрх баригчдыг ардчилсан сонгуулийн үр дүнд  нөлөөлөхийг чармайсан хэмээн  Вашингтоны зүгээс нэг бус удаа  буруутгаж Конгресст бие  даан мөрдөн шалгах ажиллагааг  хүртэл  явуулж байсан. Гэхдээ яг Байден  Ерөнхийлөгч  шиг   Оросын төрийн  тэргүүнийг нэр  заан  буруутгаж байсан  тохиолдол гарч байгаагүй учир  олон улсын ажиглагчид гэнэтийн,  огцом мэдэгдэл  байлаа хэмээн  тодорхойлж байна. 

Харин Оросын  улс төрийн хүрээнийхэн Ерөнхийлөгч  Байден  "Оросын  Ерөнхийлөгч  Путинг алуурчин гэж  үзэж  байна уу" гэсэн асуултад "тийм" хэмээн хариулсанд  эгдүүцэж байгаагаа  илэрхийлж "Цагаан  ордны тэргүүн хүчгүй,  сул  доройгоо илэрхийллээ. Дипломат  ёс зүйгүй, улс төрийн соёлгүйгээ харууллаа" хэмээн  шүүмжилж өрнүүлж  байна. Мөн хүйтэн  дайны  жилүүдэд ч  барууны удирдагчид баталгаа нотолгоогүйгээр  улс орны  удирдагчийг  буруутгаж  шалдаа бууж  байгаагүйг  сануулж  байна.  Харин  АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааныхан "Цагаан ордны  тэргүүн Байдены засаг захиргааны Оростой харилцах  харилцааны  арга барил экс Ерөнхийлөгч  Дональд  Трампынхаас  огт өөр байх  болно" гэдгийг  онцлон  мэдэгдээд  байгаа.

Энэ талаар Цагаан ордны  хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки  "Бид Оростой харилцах харилцаандаа өмнөх  засаг захиргааныхнаас өөр бодлого, арга барилыг баримтлах болно. Ерөнхийлөгч Байден  энэ  тухайгаа өнгөрсөн шөнийн  ярилцлагынхаа  үеэр тодорхой хэлсэн  байгаа.  Бид сэтгэл  зовниж  буй  асуудлаа илүү нээлттэй,  ил тод шууд илэрхийлэх  болно.  Алексей Навальныйг  хордуулсан гэх  асуудлаарх  тагнуулын  албадынхаа  дүгнэлтүүдийг  бид  ил болгосон шигээр нээлттэй  байж хариу  арга хэмжээ авах болно." гэлээ.

Мөн  тэрбээр  АНУ-ын  эрх баригчид   ойрын хугацаанд  Оросын  эсрэг   авч хэрэгжүүлэх  хоригоо зарлах  болно гэдгийг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл Москвад  ямар  хариуцлага  тооцохоо  илүү  тодорхой  зарлахаа  мэдээлсэн юм.  Энэ хооронд  өнөөдрөөс Вашингтоны зүгээс  Оросын эсрэг  авсан худалдааны шинэ хориг хүчин төгөлдөр  үйлчилж эхлээд  байна. Америкийн худалдааны  яамнаас  өнгөрсөн  сарын  3 ны  өдөр хоригт  багтсан  аж ахуйн нэгж  байгууллагуудын  жагсаалтыг  нийтэлсэн. Гол нь химийн зэвсгийн салбарт  буруугаар  ашиглаж болзошгүй  Америкийн технологиудыг Орост  нэвтрүүлэхгүйн  тулд   ийм  хориг  арга хэмжээ авч  байгаагаа  тайлбарласан байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ: АНУ-ын сонгуулиудад хөндлөнгөөс нөлөөлсөн гэх Вашингтоны дүгнэлтэд нотлох баримт алга   
Үзсэн: 1484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй