Шууд Chart

Ким Ёо Жон БНСУ-тай байгуулсан цэргийн хэлэлцээрээс гарна гэдгээ анхааруулав

2021-03-17 15:55:36

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү, Умард Солонгосын Хөдөлмөрийн намын улс төрийн товчооны гишүүн Ким Ёо Жон Өмнөд Солонгосын АНУ-тай хамтран хийж байгаа цэргийн сургуулилалтыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр хамтарсан сургуулилалтын хариуд Өмнөд Солонгостой байгуулсан цэргийн хэлэлцээрээс гарч, Сөүлтэй яриа хэлэлцээ хийх зорилготой бүх байгууллагуудыг татан буулгана гэж сүрдүүлсэн байна.

АНУ, Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамд энэ сарын 8-18-ны хооронд цэргийн хамтарсан сургуулилалт хийж байгаа юм. Хоёр тал цар тахал болон Умард Солонгосоос ирж болзошгүй заналхийллийг харгалзан үзэж, энэ удаагийн хамтарсан сургуулилалтын цар хүрээг багасгасан юм байна.

Гэвч Ким Ёо Жон сургуулилалтын цар хүрээг багасгасан гэх Өмнөд Солонгосын тайлбарыг увиагүй, тэнэг үйлдэл гэж тодорхойлсон байна. Тэрбээр “Бид хөрш рүүгээ чиглэсэн цэргийн хамтарсан сургуулилалтыг эсэргүүцэж ирснээс биш сургуулилалтын цар хүрээ, хэлбэртэй хэзээ ч маргаж байгаагүй. Иймээс бид цэрэг армийн хурцадмал байдлыг намжаах зорилготой Хоёр Солонгосын хэлэлцээрээс гарах болно” гэж мэдэгджээ.

Түүнчлэн тэрбээр хэрвээ ирэх дөрвөн жилд тайван амгалан, бүтэн нойртой хономоор байгаа бол эхлээд иймэрхүү өдөөн хатгасан үйлдлээсээ татгалзах хэрэгтэй гэж АНУ-ын засаг захиргаанд анхааруулжээ. Жо Байдены засаг захиргаа Япон, Өмнөд Солонгостой хамтран Умард Солонгосын талаарх Америкийн бодлогыг шинэчлэхээр төлөвлөж байна.

Умардын улс төрийн нөлөө бүхий хүний нэг гэгддэг Ким Ёо Жон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болон Батлан хамгаалахын сайд нар Ази дахь холбоотон орнууддаа айлчлахын өмнөхөн эсэргүүцлээ илэрхийлсэн нь ч Америкийн шинэ засаг захиргаанд өгч байгаа нэг талын дохио гэж шинжээчид үзэж байна. Пхеньяны хувьд АНУ, Өмнөд Солонгосыг цэргийн хамтарсан сургуулилалт хийх бүрт эсэргүүцлээ илэрхийлж ирсэн. Тэдний хамтарсан сургуулилалтыг улс орных нь эсрэг дайны бэлтгэл хангах зорилготой гэж үздэг юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ким Ёо Жон БНСУ-тай байгуулсан цэргийн хэлэлцээрээс гарна гэдгээ анхааруулав   
Үзсэн: 1180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй