Европын холбооны зарим улсад вакцин хийлгэсэн хэд хэдэн хүнд цус бүлэгнэл үүссэнтэй холбогдуулан "Астразенека"-гийн коронавирусний эсрэг вакциныг хэрэглэхээ түр хугацаанд зогсоож байна. Тухайлбал, Герман, Франц, Итали, Испани зэрэг улсууд "Астразенека"-гийн вакцин цус бүлэгнүүлдэг эсэхийг судлахын тулд урьдчилан сэргийлэх үүднээс вакцинжуулалтад хэрэглэхээ түр хориглож байгаа юм байна. Харин Европын холбооны Эмийн агентлаг уг вакцины аюулгүй байдлыг нарийвчлан судлаад, судалгааны дүнг энэ 7 хоногийн сүүлээр танилцуулах төлөвтэй байна.
Тухайлбал, Германд энэ вакциныг хийлгэсэн долоон хүнд цусны бүлэгнэл үүссэн тул шалгалтын дүнг хүлээхээр болжээ. Мөн Франц улс иргэдийнхээ аюулгүй байдлын үүднээс Германтай ижил шийдвэр гаргажээ. Италид 57 настай иргэн вакцин хийлгэсний дараа нас барсантай холбогдуулан уг вакцины хэрэглээг түр түдгэлзүүлжээ.
Европын эмийн агентлагийн аюулгүй байдлын хороо вакцинтай холбоотой үүссэн эргэлзээтэй асуудлыг шалгаж, пүрэв гарагт ээлжит бус хуралдаан хийхээр болжээ. Хэрвээ Европын холбооны Эмийн агентлаг "Астразенека"-гийн вакциныг цус бүлэгнүүлдэггүй гэсэн дүгнэлт гаргавал дээрх орнууд уг вакциныг үргэлжлүүлэн хэрэглэх юм байна. Европын холбооны Дани, Норвеги, Исланд зэрэг 10 гаруй орон, Азиас Тайланд улс урьдчилан сэргийлэх үүднээс "Астразенека"-гийн вакцины хэрэглээг өнгөрсөн долоо хоногт зогсоосон.
Харин Их Британи энэхүү вакцины хэрэглээг хорихгүй, үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байгаа бол Австри улс вакциныг үргэлжлүүлэн хэрэглэхээр болжээ. Өчигдөр Индонез улс уг вакцины хэрэглээг түр зогсоож байгаагаа мэдэгдлээ.
Европын эмийн агентлаг энэхүү вакцины ашиг тус нь үүсэж болзошгүй эрсдэлээс илүү өндөр гэсэн байр суурьтай байгаагаа өчигдөр мэдэгджээ. Европын орнуудад жил бүр олон мянган хүн өөр өөр шалтгаанаар цусны бүлэгнэлтэй болдог, вакцин тариулсан хүмүүсийн дунд гарсан тохиолдлууд нь хүн амын дунд илэрдэг ерөнхий дунджаас бага байна гэж тус байгууллага үзэж байгаа юм байна.
Мөн "Астразенека" компани шинжлэх ухааны тодорхой нотолгоонд суурилж, "Ковид-19" цар тахлын эсрэг вакцины аюулгүй байдлын талаарх итгэмжлэлийг гаргах болно гэдгээ ням гарагт мэдэгдсэн юм. ДЭМБ мөн "Астразенека"-гийн вакциныг дархлаажуулалтад үргэлжлүүлэн хэрэглэх эсэхийг нарийвчлан судалж байна.
Оксфордын их сургууль, "Астразенека"-гийн коронавирусний вакциныг даваа гарагийн байдлаар дэлхий даяар 17 сая гаруй хүн хийлгэжээ. Үүнээс цусны бүлэгнэлийн хоёр өөр төрлөөр нийт 32 тохиолдол бүртгэгдсэн нь ерөнхий хүн амын өвчлөлийн дунджаас бага байгаа юм байна.
| Европын холбооны Эмийн агентлаг "Астразенека"-гийн вакциныг судалж байна | ||
| Үзсэн: 1136 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.