Япон, АНУ-ын холбоотны харилцааг илүү ойртуулах зорилготой хоёр орны Гадаад харилцаа, Батлан хамгаалахын сайд нарын 2+2 аюулгүй байдлын хэлэлцээ Токиод боллоо. Энэтхэг Номхон далайн бүс нутагт өргөжин тэлж байгаа БНХАУ-ын цэрэг-батлан хамгаалах, эдийн засгийн хүч нөлөөний эсрэг Жо Байдены засаг захиргаа холбоотнуудтайгаа бодлогоо уялдуулах зорилготой гэж улс төрийн хүрээнд үзэж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкэн, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар Японы Гадаад харилцаа, Батлан хамгаалахын сайд нартай тус тусдаа хоёр талт уулзалт хийсний зэрэгцээ 2+2 яриа хэлэлцээнд орсон. Хэлэлцээний үеэр хоёр тал Хятадын олон улсын дэг журамд нийцэхгүй байгаа үйл ажиллагаа Япон, Америкийн холбоотны харилцаа болон олон улсын хамтын нийгэмлэгт улс төр, эдийн засаг, цэрэг техникийн хувьд аюул занал учруулж байна гэж дүгнэсэн байна.
Тухайлбал, хоёр тал Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох амлалтаа дахин нотолж, Тайванийн хоолойд энх тайван байх нь чухал гэдэгт санал нэгдлээ. Түүнчлэн АНУ Сенкаку арал дахь Японы хяналтыг сулруулах аливаа алхмыг эсэргүүцнэ гэдгээ илэрхийлж, Хятадын далайн эргийн хамгаалалын тухай шинэ хууль хэрэгжүүлж байгаад ихээхэн санаа зовниж байна, Хятад, Умард Солонгосоос аюул заналтай тулгарч байгаа ийм үед хүний эрх, ардчиллын нийтлэг үнэт зүйлээ харилцан дэмжихээ илэрхийлжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкэн “Бидний холбоотны харилцаа цаашид улам илүү хүчирхэг болно гэдэгт итгэлтэй байна. Бид хамтдаа аюулгүй байдлын санаа зовоосон гол асуудлууд, тэр дундаа Умард Солонгосын цөмийн хөтөлбөр, бүс нутаг дахь далай тэнгисийн аюулгүй байдалд голлон анхаарна. Бид чөлөөт, нээлттэй Энэтхэг Номхон далай бодлогод нэгдмэл байр суурьтай байгаа. Хэрвээ Хятад улс нөлөөгөө тэлэхийн тулд хүч, түрэмгийлэл ашиглавал шаардлагатай гэж үзвэл бид хариу барих болно” гэсэн байна.
Японы Гадаад харилцааны сайд Тошимицу Мотеги “Сүүлийн жилүүдэд дэлхийн байдал эрс өөрчлөгдлөө. Ялангуяа Номхон далайн бүсэд стратегийн орчин цэрэг армийн өргөжин тэлэлт болон эдийн засаг, өндөр технологийн хөгжлийн хослолын хувьд ч тэс өөр хэмжүүрт хүрсэн байна. Яг одоо хүчний тэнцвэр өөрчлөгдөж, улс орнууд дэг журмыг өөрчлөх гэж нэг талыг барьсан алхам хийж, чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмын эсрэг том сорилт болдог дарангуйллын дэглэмүүдийн хүч өргөж байна. Өнгөрсөн жил эхэлсэн "Ковид-19" цар тахал хүчний тэнцвэрийн өөрчлөлтийг улам өдөөж байна. Чөлөөт, нээлттэй дэг журмаа хадгалах, бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалах нь бидний хамтдаа хэрэгжүүлэх стратегийн зорилт юм” гэжээ.
Энэ айлчлал АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тангарагаа өргөснөөс хойш түүний засаг захиргааны сайд нар Ази дахь холбоотон орнууддаа хийж байгаа анхны айлчлал юм. Жо Байдены засаг захиргааны гадаад бодлого хэрэгжүүлэх сайд нар анхны айлчлалаа Азиас эхэлсэн нь Байдены засаг захиргаа Хятадын хүч нөлөөг хязгаарлахын тулд холбоотнууддаа өндөр ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл гэж хэвлэлүүдэд онцолж байна.
АНУ-ын Гадаад харилцаа, Батлан хамгаалахын сайд нар өнөөдөр БНСУ-д айлчилна. Азийн холбоотон орнуудаараа айлчилсны дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкэн Хятадын Гадаад харилцааны сайд Ван И, ХКН-ын улс төрийн товчооны гишүүн Ян Жейчи нартай энэ пүрэв гарагт Аляскад уулзалт хийхээр төлөвлөсөн байна. Эдгээр уулзалтуудын дараа АНУ-ын Хятад, Ази, Номхон далай руу чиглэсэн бодлого яаж илрэх вэ гэдэгт олон улс анхаарч, ажиглаж байна.
| Япон, АНУ-ын аюулгүй байдлын 2+2 яриа хэлэлцээ Токиод боллоо | ||
| Үзсэн: 1329 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.