Шууд Chart

Мөрдэстэй цуглуулагчдын үзэсгэлэнгээс...

2021-03-16 15:07:23

“Мөрдэстэй цуглуулагч-2021” үзэсгэлэнгийн нээлтэд ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал, Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга, хошууч генерал П.Доржсүрэн, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нарын албаныхан оролцож, цуглуулгыг үзэж сонирхсон юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд 14 офицер, ахлагч, ажилтан албан хаагчид цуглуулгаа дэлгэсэн бөгөөд цэргийн мэргэжлийн зэвсэг, техникийн модель, луужин, медалион, цамхаг, заан, тэмээ, дельфин, хундага, түлхүүрийн оосор, чамин хийцтэй халбага, зоосон болон цаасан мөнгөн дэвсгэрт зэрэг эд зүйл багтжээ.

Тухайлбал, Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албаны дарга, хурандаа Л.Баярцогт Зэвсэгт хүчинд ашиглагддаг “Урал”, “Зил-131” зэрэг цэргийн техник,  замын цагдаагийн автомашины 70 гаруй моделиудаа дэлгэж. Түүний цуглуулгад 100 гаруй автомашины модель байдаг ч энэ удаа шигшээд 70 цуглуулгаа авчирсан байна. Тэрбээр цуглуулгынхаа талаар ярихдаа цэргийн мэргэжлийн автомашины модель гэдэг утгаараа олдоц багатай. Олдвол заавал худалдаж авдаг, хааяа найз нөхөд нь бэлэглэдэг гэв. Хамгийн үнэтэй бөгөөд түүхэн цуглуулга нь хуучин ЗХУ-д үйлдвэрлэгдэж байсан “Урал”-ын модель ажээ.

Дараагийн цуглуулагч нь ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Д.Дугаррагчаа байв. Тэрбээр луужин цуглуулдаг. Луужингаас гадна хуучны цэргийн дарга нарын хэрэглэж байсан дуран, томруулдаг шил, ном, дэвтэр зэрэг иж бүрдлийг ч дэлгэсэн байв. Хурандаа луужингаа гурав дахь удаагаа үзэсгэлэнд дэлгэж байгаа туршлагатай цуглуулагч. Тэрбээр луужин олдоц багатай, олдсон ч өмнөх загвар, хийцээ давхардуулахгүй байхыг хичээдэг гэнэ. Эртний эдлэл зардаг дэлгүүрээс худалдаж авсан, энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байхдаа авсан гээд түүний луужин бүр өөр өөрийн түүхтэй гэнэ.

Луужингийн тавиурын зэргэлдээ чамин хийцтэй, загварлаг, өнгө үзэмж сайтай түлхүүрийн оосор байсан нь БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн үйлчлэгч Д.Нармандахын цуглуулга. Тэрбээр 2019 оноос түлхүүрийн оосор цуглуулж эхэлсэн бөгөөд голдуу найз нөхөд, хамт олон нь бэлэглэж, хоббиг нь арвижуулахад тусалдаг байна. Дэлхийн 3 орны 80 гаруй түлхүүрний оосортой бөгөөд хобби хүнийг хүсэл, зорилго, тэмүүлэлтэй болгодог гэлээ.

Зэвсэгт хүчиндээ мэргэжлээсээ гадна хоббигоороо танигдсан хүн бол яахын аргагүй бэлтгэл хурандаа Ө.Батмөнх юм. 1990-ээд оноос л цэргийн зэвсэглэл, техникийн модель сонирхож эхэлсэн түүний хувьд бусдыгаа бодвол туршлагатай цуглуулагч. 2010 он гарсаар зөвхөн цэргийн техникээр хязгаарлагдахгүйгээр өөрийн мэргэжил буюу их бууны моделийг дагнан цуглуулах болсон байна. Олдоц багатай учир голдуу захиалгаар хийлгэж, заримыг нь найз нөхөд нь гадаадаас авчирч өгсөн байна. Түүнд 80 гаруй цуглуулга байгаагаас энэ удаад их бууны 45 моделиор оролцож, эд зүйл бүрээ үнэлж баршгүй бүтээл хэмээн тодотгож байсан юм.

Бас нэг сонирхолтой цуглуулагч байсан нь ҮБХИС-ийн БХЭШХ-ийн Батлан хамгаалах дүн шинжилгээний төвийн дарга, хурандаа Л.Баатар. Тэрбээр тэмээний сувинер цуглуулдаг. “Эрхэм хурандаа та говийн хүн үү” гэхэд “Хүмүүс намайг дандаа тэгж ойлгодог юм. Би чинь Сэлэнгэ аймгийнх. Яагаад говийн тэмээг шүтэж, сувинерийг нь цуглуулах болсон гэхээр Дорноговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар хоёр удаа томилогдон ажилласан. Энэ үеэс тэмээ гэдэг амьтныг илүү хайрлаж ирсэн. Ардын уран зохиолч П.Бадарч гуайн “Тэмээ” хэмээх их сайхан шүлэг бий. Тэмээ яг л тэр шүлэг шигээ сайхан амьтан” гэлээ. Түүний цуглуулгад 120 гаруй тэмээний сувинер байгаагаас хамгийн хүндтэй нь хуучны шилэн хийцтэй хүрэн буур гэнэ. Нэг бөхтэй, хоёр бөхтэй голдуу аж байдлын тэмээний сувинер “Мөрдэстэй цуглуулагч”-дын бас нэгэн чимэг нь байлаа.

Төгсгөлд нь онцлох цуглуулагч бол Цэргийн төв эмнэлгийн Хүний нөөцийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Өлзийдаваа. Дэд хурандаа БХЯ,  ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын энгэрийн тэмдэгийг цуглуулдаг байна. Түүнээс гадна энхийг сахиулах ажиллагаанд оролцож байхдаа цуглуулсан зарим орны Зэвсэгт хүчний энгэрийн тэмдэг ч түүний цуглуулгад байлаа.

Ахлах дэслэгч Д.Болормаа

Гэрэл зургийг ахлах ахлагч Г.Бат-Эрдэнэ


Мөрдэстэй цуглуулагчдын үзэсгэлэнгээс...  
Үзсэн: 1982 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй