Шууд Chart

Дөрвөн талт яриа хэлэлцээний орнууд Зүүн Өмнөд Азид нэг тэрбум тун вакцин хандивлана

2021-03-14 11:44:09

Ази Номхон далайн Аюулгүй байдлын асуудлаарх Дөрвөн талт яриа хэлэлцээний орнуудын анхны дээд хэмжээний уулзалт цахимаар боллоо. Анхны дээд уулзалтад оролцсон АНУ, Австрали, Япон, Энэтхэгийн эрх баригчид 2022 оны сүүл хүртэл Зүүн Өмнөд Азийн орнуудад коронавирусний эсрэг нэг тэрбум тун вакцины тусламж олгохоор амласан байна.

Дөрвөн талт яриа хэлэлцээний орнуудын анхны дээд хэмжээний цахим уулзалтыг АНУ-ын ерөнхийлөгч Байден даргалж, Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон, Японы ерөнхий сайд Суга Ёшихидэ, Энэтхэгийн засгийн газрын тэргүүн Нарендра Моди нар оролцлоо. Тусламжаар олгох вакцин нь Жонсон Жонсон компанийн нэг тунтай вакцин байна. өчигдөр ДЭМБ Жонсоны вакцинд яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Уг вакциныг Энэтхэг улсад үйлдвэрлэж, Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо АСЕАН-аар дамжуулж түгээх юм байна. АСЕАН нь 500 гаруй сая хүн амтай Зүүн Өмнөд Азийн Тайланд, Индонез зэрэг 10 орныг эгнээндээ нэгтгэсэн бүс нутгийн том байгууллага юм.

Америк, Австрали, Энэтхэг, Япон гэсэн дөрвөн орон 2004 онд цунамийн гамшгийн эсрэг хамтран ажиллаж, 2007 онд Ази Номхон далайд аюулгүй байдлын асуудлаар дөрвөн талаараа уулздаг байх зарчмын тохиролцоонд хүрч, дөрвөлийн үйл ажиллагаа Трампын засаг захиргааны үед идэвхэжсэн юм. Харин Байден Бээжингийн эсрэг стратегийнхаа нэг хэсэг болгож, яриа хэлэлцээг анх удаа дээд түвшинд хүргэж байна.

Хэдийгээр Байдены засаг захиргаа энэ дөрвөлийг Хятадын эсрэг гэж шууд зарлаагүй ч АНУ Хятадын дэлхийд болон бүс нутагт өргөжсөн үүрэг оролцооны эсрэг холбоотнуудтай байх дипломат нүүдэл хийж байна гэж шинжээчид үзэж байгаа аж. Тус дөрвөлийг Ази Номхон далайн бүс нутаг дахь Хятадын цэрэг арми, эдийн засгийн өсөлт, идэвхжилтийг хязгаарлах зорилготой гэж олон улсын хүрээнд үзэх болсон юм. Харин Хятадын глобал Таймсд энэхүү дөрвөн орон өөр өөрсдийн ашиг сонирхлыг дөрвөлийнхөө ашиг сонирхлоос дээгүүр тавих болов уу, энэ бол “хий хоосон яриа хэлэлцээний орон зай” гэж шүүмжилсэн өнцгөөс мэдээлжээ. Хятад улс дотооддоо гарган авсан коронавирусний эсрэг вакциныг дипломат бодлогынхоо нэг хэсэг болгон ашиглаж байна.

Тухайлбал өнөөдрийн байдлаар Бээжин хөгжиж байгаа 69 улсад коронавирусний вакцин хандивлаж, 43 улсад вакцинаа зарахаар гэрээ байгуулжээ. Дөрвийн бүлэг вакцины тусламжаас гадна уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэх, эдийн засгаа сэргээхэд хамтын ажиллагааг идэвхжүүлэх, цар тахалтай тэмцэх зэрэг гол асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд тус тусын ажлын хэсэг байгуулахаар тохирсон байна.  Мөн Мьянмар улсад ардчиллыг сэргээн тогтоохыг тус улсын цэргийн эрх баригчдад уриалжээ. Аюулгүй байдлын яриа хэлэлцээний Дөрвийн бүлэг энэ оны сүүлээр нүүр тулсан дээд уулзалт хийхээр тогтжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дөрвөн талт яриа хэлэлцээний орнууд Зүүн Өмнөд Азид нэг тэрбум тун вакцин хандивлана   
Үзсэн: 1271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй