Шууд Chart

ДЭМБ: Оксфорд, Астразенекагийн вакциныг хориглох нотолгоо, шалтгаан байхгүй

2021-03-14 11:33:48

Оксфордын их сургууль, АстраЗенекагийн хамтран гаргасан коронавирусний вакцин, цусны бүлэгнэл үүссэн тохиолдлууд хоорондоо холбоо хамааралтай гэх нотолгоо байхгүй учир уг вакцины хэрэглээг хориглох шаардлагагүй гэж ДЭМБ-аас зөвлөсөн байна. Европ, Азийн зарим улс АстраЗенекагийн вакциныг цусны бүлэгнэл үүсгэж, хүний амь насанд эрсдэл учруулдаг байж болзошгүй гэсэн болгоомжлолын үүднээс уг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглахыг түр зогсоогоод байгаа юм.

Үүнээс өмнө Европын холбооны эмийн агентлаг уг вакцин, цусны бүлэгнэлийг тохиолдлууд хоорондоо хамааралгүй. Уг вакцинаас болж хүний амь нас хохирсон тохиолдол бүртгэгдээгүй учраас вакциныг дархлаажуулалтдаа үргэлжлүүлэн хэрэглэхийг зөвлөсөн юм байна. Пүрэв гарагт Дани, Исланд, Норвеги зэрэг орнууд АстраЗенекагийн вакцин хийлгэсний дараа цусны бүлэгнэл үүссэн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн шалтгаанаар, мэргэжилтнүүдийн шалгалт судалгааны дүн гартал  уг вакциныг хэрэглэхээ түр зогсоосон. Итали, Австри, Латви, Литви зэрэг орнууд Европын холбооноос гишүүн 17 улсдаа нийлүүлсэн Астразенекагийн нэг сая тун вакцины багцыг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглахгүй гэдгээ мэдэгджээ.

Гэхдээ Австрийн ерөнхий сайд нэг багц вакцинаас эхний тунг хийлгэсэн хоёр хүний нэг нь цусны бүлэгнэлийн улмаас нас барсан, нэг нь яг ижил оноштойгоор эмнэлэгт хэвтсэн учраас вакциныг түр зогсооход хүрсэн гэж вакциныг түр хориглосон шийдвэрээ тайлбарлажээ. Тус улсын мэргэжилтнүүд вакцинтай холбоотой тэдгээр хоёр тохиолдлын аль нь ч вакцинтай холбоотойг нотлоогүй учраас түр зогсоосон шийдвэрийг цуцалсан байна. Харин Болгар, Тайланд зэрэг орнууд уг вакциныг хэрэглэхээ түр зогсоож байгаа аж.

Оксфордын их сургууль,Британи Шведийн хамтарсан АстраЗенекагийн вакциныг Европын холбооны орнуудад 5сая гаруй хүнийг дархлаажуулснаас цусны бүлэгнэл үүссэн 30гаруй тохиолдол бүртгэгдсэн бол Британид 11сая гаруй хүнд уг вакциныг хийснээс цусны бүлэгнэл үүссэн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй юм байна.  өнөөдөр Словак улсад астразенекагийн вакцин тариулсан дунд сургуулийн багш 2 дугаар сарын дунд үед вакцинд хамрагдсанаас хойш бие нь муудсаар нас барсан тухай мэдээлжээ. Тус улсад астразенекагийн вакциныг бага болон дунд сургуулийн багш нарт хийж байгаа юм.

Харин Британи, Герман, Австрали зэрэг орнууд АстраЗенекагийн вакцины хэрэглээг зогсоохгүй гэдгээ мэдэгджээ. Астразенека компанийн зүгээс эмнэлзүйн туршилтын үеэр вакцины аюулгүй байдлыг хамгийн нарийн шалгуураар шалгасан, туршилтын явцад цус бүлэгнэсэн тохиолдол гаргаагүйг баталж, мэдээлэл хийжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ: Оксфорд, Астразенекагийн вакциныг хориглох нотолгоо, шалтгаан байхгүй  
Үзсэн: 2625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй