Чех улс Израил дахь Элчин сайдын яамаа Иерусалим хот руу нүүлгэн шилжүүлж, нээлтийг нь хийгээд байна. Ёслолын энэ ажиллагаанд Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш болон Израилийн Гадаад хэргийн сайд, Дотоодын аюулгүй байдлын сайд Габи Ашкенази, Амир Охан нар оролцсон байна.
Иерусалим хот дахь Чехийн Элчин сайдын яамны шинэ оффис энэ сарын 1-нд байгуулагдсан. Гэхдээ Чехийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр ирэх 4, 5 дугаар сараас үйл ажиллагаагаа нээхээр төлөвлөж байгаа юм байна. Иерусалим дахь Элчин сайдын яамыг байгуулахад ойролцоогоор 10 сая крон зарцуулсан байна.
Чехийн Ерөнхий сайд нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ тус улсын Ерөнхийлөгч Милош Земан хоёр жилийн өмнө Иерусалим хотод Чехийн өргөөг нээхдээ энэ хотод дипломат оффистой болно гэж амлаж байсныг сануулж, энэ амлалтдаа хүрч байгааг онцолсон байна.
Чех улс Иерусалимд Элчин сайдын яамаа нээснээр хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байгааг тэмдэглэсэн байна. Түүнчлэн Чех улс Иерусалим хот онцгой чухлыг үүгээрээ хүлээн зөвшөөрч байгааг онцолсон байна.
Ингэснээр Чех нь Израилийн Иерусалим хотод Элчин сайдын яамаа нээсэн Европын хоёр дахь орон болоод байна. Тус улсаас өмнө Унгар улс Иерусалимд дипломат төлөөлөгчийн газраа нээсэн билээ.
Иерусалимд ийнхүү АНУ, Гватемал, Унгар, Чех улсын Элчин сайдын яам үүд хаалгаа нээгээд байна. Түүнчлэн Малауи, Доминиканы бүгд найрамдах улс, Серб болон Косово улсууд Иерусалимд Элчин сайдын яамаа ойрын үед нээхээ мэдэгдээд байгаа билээ.
| Чех улс Израил дахь Элчин сайдын яамаа Иерусалим хот руу нүүлгэн шилжүүлжээ | ||
| Үзсэн: 797 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.