Шууд Chart

Оросын вакцин худалдан авсан гэх шуугианаас болж Словакийн Эрүүл мэндийн сайд огцорлоо

2021-03-13 12:46:28

Оросын "Спутник Ви" вакцин худалдан авсантай холбоотой шуугианаас болж Словак улсын Эрүүл мэндийн сайд Марек Крайчи албан тушаалаасаа огцроод байна. Тэрбээр Ерөнхий сайд Игорь Матовичтэй хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр энэ шийдвэрээ зарлажээ.

Оросын "Спутник Ви" вакцины нийлүүлэлтийн гэрээг Словакийн Засгийн газар эвслийн түншүүдийнхээ зөвшөөрөлгүйгээр хийсэн гэдэг шуугиан тус улсад үүсээд байгаа юм. Европын Эмийн хяналтын байгууллагаас тус вакциныг бүртгээгүй байгаа учир эрх баригч эвсэлд багтсан намууд энэ гэрээг нь дэмжихгүй байсан юм. Гэвч Словакийн Ерөнхий сайд Игорь Матович хэвлэлийн бага хурлын үеэр Эрүүл мэндийн сайд Марек Крайчи цар тахлын үед Засгийн газрын бусад гишүүдээс ч шаргуу ажиллаж иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын чармайж байсныг онцолсон байна.

Мөн цар тахлын үед Эрүүл мэндийн сайдад дэмжлэг үзүүлээгүй хүмүүс түүнийг ийнхүү золиос болгож байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Словак улс Оросын "Спутник Ви" вакцины эхний ээлжийг энэ сарын эхээр хүлээн авсан юм.

Словакийн Ерөнхий сайд эрх баригч эвсэл дэх барууны намуудын эрс эсэргүүцэгчдийг асуудалд геополитикийн үүднээс хандаж иргэдээ үл хүндэтгэснийг буруушааж байгаагаа илэрхийлсэн юм. Барууны намууд вакцинтай холбоотой энэ асуудлаас болж Ерөнхий сайд Игорь Матович огцрох ёстой гэж шаардаж байсан ч Ерөнхийлөгчийн дэмжлэг авч чадаагүй юм. Тиймээс Эрүүл мэндийн сайдыг огцруулж эвслээ тараах тулган шаардлага тавьж эхэлсэн байна. 

Словакт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол хоногт хоёр мянга орчмоор бүртгэгдэж байна. Нийт халдвар авсан хүний тоо 331 мянгыг давсан бол нас баралт хоногт 100 гаруйгаар нэмэгдсээр 8244-т хүрчээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Оросын вакцин худалдан авсан гэх шуугианаас болж Словакийн Эрүүл мэндийн сайд огцорлоо   
Үзсэн: 781 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй