Сансар судлалын түүхэнд тодоор бичигдэн үлдэх үйл явдал тохиолоо. АНУ-ын Сансар судлалын НАСА-гийн судалгааны робот Ангараг гараг дээр амжилттай газардаад байна. Энэхүү роботын цуглуулсан Ангарагийн чулуулаг болон хөрсний дээжийг 2030 онд дэлхийд авчрах зорилтыг тавиад байгаа юм.
Атомын зайгаар ажилладаг “Perseverance” тэнүүлч олон арван камер, өрөмдлөг, задлан шинжилгээний аппаратыг өөр дээрээ агуулсан судалгааны бие даасан явуулын станц гэж ойлгож болно.
НАСА агентлагийн Ангараг руу илгээсэн хамгийн том,мөн хөгжингүй энэхүү робот хөрс болон чулуулгийн 40 ширхэг жижиг сорьц бэлтгэх ёстой. Энэхүү роботын бэлтгэсэн сорьцыг цуглуулан дэлхийд авчирах үүрэг бүхий өөр нэгэн тэнүүлчийг 2026 онд Ангараг руу хөөргөхөөр төлөвлөж байна.

НАСА-гийн түр захирагч Стив Юрчик "Энэ судалгааны төсөл бол ихээхэн онцлогтой. Шинжлэх ухаан, технологийн дэвшлийн сор бүтээлийг ашиглаж, Ангарагаас цуглуулсан сорьцыг дэлхийд авчрах юм. Энэ төсөл мөн Ангарагийн өнөөгийн байдал, хувьслыг ойлгох, амьдрал байсан эсэхийг тогтоох, цаашлаад сансрын нисгэгчээ Улаан нүдэн гараг руу илгээхэд бэлтгэх гээд бидний ирээдүйн илүү том судалгаа, нээлтийн чухал хэсэг болж байгаа юм" гэж ярилаа.
“Perseverance” тэнүүлч Ангарагийн Жезеро гэх тогооны ойролцоо газардсан дариудаа авсан хоёр ч зургийг төв рүүгээ илгээсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден НАСА руу утасдаж, баяр хүргэжээ.
Сонирхуулахад, 2012 онд НАСА-гийн "Сониучхан" нэртэй суудлын авто машинтай адил хэмжээтэй судалгааны аппарат Ангараг дээр мөн амжилттай газардсан юм.
| “НАСА”-гийн судалгааны робот Ангараг гараг дээр амжилттай газардлаа | ||
| Үзсэн: 1358 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.