Их Британийн “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн мэдээлэлд ийнхүү зарим төрлийн коронавирусний эсрэг вакциныг хийлгэсний дараах зовуурийн талаар мэдээлсэн байна. Вакцины хийлгэсний дараа түр зуурын зовуур мэдрэгдэж байгаа. Гэхдээ ноцтой зовиур мэдрэгдэх байдал харьцангуй бага байна. Үүнээс гадна коронавирусний эсрэг вакцинаас шууд хамааралтай эндэгдэл бүртгэгдээгүй байгаа гэдгийг Nature сэтгүүл мэдээлэлд онцолсон байна.
Коронавирусний эсрэг вакциныг тариулсны дараа нас барсан талаарх мэдээллүүд үе үе гарч байгаа ч эдгээр мэдээллийн алин ч бүрэн батлагдаагүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд төдийгүй судлаачид онцолж байна. Тухайлбал, Норвеги улсад 33 ахмад настан Пайзер болон Бионтек компаниудын вакциныг хийлгэснээс хойш 6 өдрийн дотор нас барсан тухай мэдээлэл гарсан юм. Харин Норвегийн Анагаах Ухааны Агентлаг болон ДЭМБ дээрх эндэгдлүүдийг нарийвчлан судалж, энэ нь вакцинаас үүдэлтэй нас баралт биш гэдгийг тогтоосон аж.
Мөн ДЭМБ Пайзерийн коронавирусний эсрэг вакцин ахмадуудад аюулгүй гэдгийг цохон тэмдэглэжээ. Энэтхэг улсад мөн л коронавирусний эсрэг вакциныг хийлгээд удаагүй байсан 27 хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр эндэгдэл нь вакцинаас шууд хамааралтай бус гэдгийг Энэтхэгийн Эрүүл Мэндийн яам дараахан нь мэдээлсэн юм. Хүнд хэлбэрийн хууч өвчинтэй, болон хэт өндөртэй настай ахмадууд гээд янз бүрийн хүмүүст вакциныг тарьж байгаа. Иймээс коронавирусний эсрэг вакцин тариулсны дараах эндэгдэл бүрийг вакцинтай шууд холбож ойлгож, хардаж болохгүй гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна.
Энэ хооронд зарим судлаач коронавирусний эсрэг вакцин болон нас баралтын хоорондох шууд холбоо хамаарлыг тогтоох нь туйлын амаргүй гэдгийг ч онцолжээ. Ямартай ч ДЭМБ тэргүүтэй мэргэжлийн байгууллагын зүгээс коронавирусний эсрэг вакциныг тариулснаас үүдсэн гэх эндэгдлийг судалж, энэ нь вакцинаас шууд хамааралгүй, одоогоор тийм баримт, нотолгоо байхгүй гэдгийг онцолж байна.
| ДЭМБ: Коронавирусний эсрэг вакцинаас шууд хамааралтай эндэгдэл батлагдаагүй | ||
| Үзсэн: 2918 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.