Шууд Chart

Иран, ОХУ-ын тэнгисийн цэргийн сургуулилт эхэлжээ

2021-02-18 10:51:11

ОХУ болон Ираны тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт Энэтхэгийн далайд эхлээд байна. Энэхүү сургуулилтын гол зорилго нь далайн тээврийн чухал бүс болох Энэтхэгийн далай дахь аюулгүй байдлыг бэхжүүлэх юм. Үүнээс гадна энэ сургуулилт нь  өнгөрсөн жилүүдэд АНУ-тай таагүй харилцаатай байж ирсэн Иран улс ОХУ, БНХАУ тай батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд онцгой анхаарч байгаагийн нэг илрэл гэж шинжээчид дүгнэж байна.

Энэ жилийн сургуулилт “Иран ОХУ ын Далайн Тээврийн Аюулгүйн Бүс 2021” нэрээр зохион байгуулагдаж байна. Номхон далайн хойд хэсэгт явагдаж байгаа сургуулилтад Ираны Хувьсгалт Гвардийн усан флот оролцож байна. Харин ОХУ-ын зүгээс сөнөөгч болон ачаа тээврийн усан онгоц, нисдэг тэрэгнүүдийг сургуулилтад илгээжээ.

Сургуулилтын талаар ОХУ, Ираны  усан цэргийн хамтарсан сургуулилтын хэвлэлийн төлөөлөгч, Дэд адмирал Голамреза Тахани, "Номхон далайн хойд хэсгийн 17 мянган квадрат км талбайг энэ удаагийн сургуулилт явагдах бүсээр сонгосон. Энэ сургуулилтын  зорилго нь усан цэргийн аврах ажиллагаанд оролцогчдын чадавхыг сайжруулах, мэдээлэл солилцох, харилцаа холбооны, үйл ажиллагааны, мөн заавар, удирдлагын сургуулилт юм." хэмээн ярьсан байна.

ОХУ, Ираны хамтарсан усан цэргийн сургуулилт 2019 оноос хойш хоёр дахь удаагаа ийнхүү зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2019 оны 4 өдөр үргэлжилсэн сургуулилтад Хятадын усан флот нэмэлтээр оролцож байжээ. Дашрамд дуулгахад, Дональд Трамп АНУ ын ерөнхийлөгч ажилласан өнгөрсөн 4 жилийн хугацаанд АНУ, Ираны хоорондох харилцаа улам бүр буудсан юм. 2020 оны эхээр АНУ Ираны генералыг утгасны дараа Вашигтон, Тегераны хооронд зэвсэгт мөргөлдөөн үүсэх вий гэсэн болгоомжлол бий болж байсан.

Ийнхүү АНУ-тай таагүй харилцаатай байгаа Иран улс ОХУ, БНХАУ-тай харилцаагаа бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. Орос, Хятадын усан флотын мэргэжилтнүүд ч Иранд айлчлах давтамж сүүлийн үед мөн нэмэгдсэн аж.  Үүнээс гадна Иран улс цэргийн сургуулилтаа идэвхжүүлж байгаа нь  АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жозеф Байдены засаг захиргааг цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрт буцаан нэгтгэхээр шахалт үзүүлж буй үйлдэл гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн пүрэв гарагт Ираны Хувьсгалт Гварди Иракын хилийн ойролцоо хуурай газрын сургуулилт  хийсэн. Энэ сургуулилтад голдуу дрон, нисдэг тэрэг болон байлдааны танкуудыг оролцуулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иран, ОХУ-ын тэнгисийн цэргийн сургуулилт эхэлжээ   
Үзсэн: 555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй