Мьянмарт сүүлийн үед өрнөж буй үйл явдал олон улсын анхаарлын төвд байгаа. Тус улсад армийнхан төрийн эргэлт хийж, өнгөрсөн 4 жил засгийн эрхийг барьсан Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг намын дарга Аун Сан Су Чи болон Ерөнхийлөгч Вин Мьин тэргүүтэй улс төрчдийг барьж, хориод байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Аун Сан Су Чи-гийн хоригдох хугацааг сунгажээ. Энэ хооронд Мьянмарын томоохон хотуудад иргэд төрийн эргэлтийг эсэргүүцэж, мөн Аун Сан Су Чи-г суллахыг шаардан жагссаар байна.
Энэ сарын 01 ны өдөр төрийн эргэлт болохоос өмнө Аун Сан Су Чи Мьянмарын хамгийн хүчирхэг улс төрийн нам болох Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг намын дарга, Төрийн зөвлөх төдийгүй Гадаадын Хэргийн сайдын албан тушаалыг давхар хашиж байсан юм. Түүнийг хорих хугацаа өчигдөр дуусах байсан хэдий ч үргэлжлүүлэн хорих шийдвэр гарсан байна. Төрийн эрхийг булаагаад байгаа Армийн генералууд Ан Сан Су Чи-г хууль бус холбоо харилцааны төхөөрөмж импортолсон, тэдгээр станцыг зөвшөөрөлгүйгээр хамгаалагч нартаа хэрэглүүлсэн гэх хэрэгт буруутгаад байгаа аж.
Үүнээс гадна Аун Сан Су Чи-г өнгөрсөн жилийн сонгуулийн кампанит ажлын үеэр хөл хорионы дэглэмийг зөрчиж, иргэд сонгогчидтой уулзсан гэх нэмэлт хэрэгт буруутгаж байгаа юм. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Вин Мьинийг мөн л ижил хэрэгт буруутгаад байгаа. Тэд шүүх хуралдаанд өчигдөр цахимаар оролцсон байна. Энэ хооронд Мьянмарын томоохон хотуудад цэргүүд хүч хэрэглэж магадгүй гэсэн сэрэмжлүүлгийг үл харгалзан иргэд жагсаал, цуглаан хийсээр байна.
Нийслэл Нейпьидод болсон жагсаалд банкны салбарынхан болон инженерүүд идэвхтэй оролцжээ. Мөн тус улсын хоёр дахь том хот болох Мандалайд олон мянган хүн гудамжинд жагсаж, Аун Сан Су Чи тэргүүтэй удирдагчдыг суллахыг шаардсан байна. 2011 онд Ардчилсан өөрчлөн шинэчлэлт эхлэх хүртэлх 50 жилийн хугацаанд Мьянмарын төр армийнхны гарт байсан юм. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн армийнхан ийнхүү төрийн эрх мэдлийг булаагаад байгаа юм. Цэргийнхний энэ үйлдлийг барууны орнууд эрс буруутган шүүмжилсээр байна.
| Аун Сан Су Чиг хорих хугацааг сунгажээ | ||
| Үзсэн: 572 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.