Япон улс өнөөдрөөс коронавирусний эсрэг вакцинжуулалтад хүн амаа хамруулж эхэллээ. Хэдийгээр бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад дархлаажуулалтын энэ өргөн хүрээтэй аянаа хожуу эхлүүлж байгаа ч Японы Засгийн газар шууд хүн амаа өргөн хүрээнд энэ вакцинд хамруулахыг яарахгүй байна.
Тодруулбал, вакцинжуулалтыг хэд хэдэн үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн байна. Өчигдөр вакцины асуудал эрхэлсэн сайд Коно Тарогийн мэдэгдсэнээр юуны түрүүнд эмнэлгийн 40 мянган ажилтнаа вакцинд хамруулах юм байна. Мөн вакцинжуулалтын аюулгүй байдалд хяналт тавихын тулд вакцин хийлгэсэн эмнэлгийн ажилтнуудын тал хувь нь эхний тунгаа хийлгэснээс хойш 7 долоо хоногийн хугацаанд эрүүл мэндийнхээ байдлын талаар тусгай тэмдэглэл хөтлөх юм байна.
Хоёр дахь шатанд 65-аас дээш настай 36 сая хүнээ вакцинд хамруулна. Гэхдээ Японы Засгийн газраас 2 дахь шатны вакцинжуулалтыг яг хэдийд эхлүүлэхээ зарлаагүй байна. Урьдчилсан байдлаар дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ гэж тооцоолж байгаа юм байна. Харин тавдугаар сараас л бусад иргэдээ вакцинжуулалтад хамруулах болов уу гэж үзэж байна.
Япон улсын хувьд Их Британи Шведийн Астразенека, Америкийн Модерна, Америк Германы Пфайзер, Бионтех компаниудтай вакцины гэрээг өнгөрсөн онд байгуулсан. Өнгөрсөн сарын 21-нд Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэ нийт 310 сая тун вакцин авна гэж тооцоолж байгаагаа мэдээлж байсан юм. Энэ сарын 14-нд Японы эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Пфайзер компанийн вакциныг ашиглах зөвшөөрлийг олгосон.
Харин Астразенека энэ сарын 5-нд Японы талд хүсэлтээ гаргасан билээ. Япон Пфайзерийн Бельги дэх үйлдвэрээс эхний ээлжийн 400 мянган тун вакцинаа хүлээн авчихсан байгаа юм.
Япончуудын хувьд коронавирусний вакцинд хамрагдах хүсэлтэй хүн их байна. "Киодо" агентлагаас зохион байгуулсан судалгаанд оролцогчдын 63.1 хувьд вакцинд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байгаа бол 27.4 хувь нь татгалзаж буйгаа илэрхийлсэн байна.
Японд хоногт 1500-2000 мянган хүн коронавирусний халдвар авч өнөөдрийн байдлаар нийт халдвар авсан хүний тоо 417 мянга гаруйг даваад байна.
| Японд коронавирусний эсрэг вакцинжуулалт эхэллээ | ||
| Үзсэн: 811 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.