БНХАУ-д коронавирусний эсрэг вакциныг хуурамчаар бэлтгэн борлуулж, их хэмжээний ашиг болсон этгээдүүдийг баривчлан шалгаж байна. Хуурамч вакцин худалдаалсан хэрэгтэй холбоотойгоор 70 хүн баривчлагдан, шалгагдаж байгаа юм. Гэмт этгээдүүд хуурамч вакцинаа гадаадын зарим орон уруу экспортлосон нь ч тогтоогджээ.
Хятад улсад коронавирусний эсрэг вакциныг хуурамчаар бэлтгэн гаргаж, ашиг олохыг завдсан нийт 20 гаруй хэрэг бүртгэгдсэн байна. Зарим бүлэглэл хуурамч вакцины борлуулалтаас их хэмжээний ашиг олсон гэж үзэж байна. Тухайлбал, Конг гэх эрээр ахлуулсан бүлэг өнгөрсөн жилийн 8 дугаар сараас хойш хуурамч вакцин худалдаалж, 18 сая юань буюу 2.7 сая гаруй ам.долларын ашиг олсон талаар шүүхийн мэдэгдэлд дурьджээ.
Тэд эх газрын Хятадаас гадна Хонконг уруу 600 багц тун хуурамч вакциныг нийлүүлэснээс гадна гадаадын зарим орон уруу экспортлосон гэх мэдээлэл гарчээ. Гэхдээ яг ямар улс уруу дээрх хуурамч вакцин худалдаалагсдан нь тодорхойгүй байна. Конг гэх эр юун түрүүнд жинхэнэ вакцины савалгаа, шошгыг нарийвчлан судалж, ижил загварын хуурамч савалгаа, боодлыг бэлтгэжээ. Тэрээр дээрх дуураймал хуруу шилэндээ давсархаг цэвэр усыг савлаж, "Ковид 19"-ийн эсрэг вакцин гэсэн шошго нааж худалдаалсан байна.
Үүнээс гадна хуурамчаар бэлтгэсэн вакциныг эмнэлэгүүдэд хямд үнээр нийлүүлэхийг оролдсон хэрэг Хятад улсад мөн бүртгэгдсэн байна. Тус улсын шүүх болон прокоруррын байгууллагаас коронавирусний эсрэг вакциныг хуурамчаар бэлтгэх, зарж ашиг олох үйлдлийг таслан зогсооход хамтран ажиллахыг муж, хотуудын цагдаагийн байгууллагуудад уриалсан байна. Дашрамд дуулгахад, Хятад улс нь коронавирусний халдварыг хурдан хугацаанд хумиж, тархалтыг зогсоож чадсан орнуудын нэг юм. Тус улсад коронавирусний эсрэг гурван ч вакциныг бүртгэлжүүлээд байна. Тус улсын албаныхан цагаан сарын баяраас өмнөө 50 сая хүнийг тарилгад хамруулсан байх зорилтыг тавьсан ч өнөөдрийн байдлаар 40 сая хүнд коронавирусний эсрэг вакцин тарисан байна.
| БНХАУ: Коронавирусний эсрэг хуурамч вакцин худалдаалсан этгээдүүдийг шалгаж байна | ||
| Үзсэн: 601 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.