Олон улсын мэдээний эхэнд цар тахалтай холбоотой зарим үйл явдлаас онцлон хүргэж байна. Зарим улсад коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн хэвээр байгаа юм. Гэхдээ дэлхий дахинд коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо буурч байгаа таатай эерэг мэдээллийг ДЭМБ-аас өглөө. Өнөөдрийн байдлаар дэлхийн 80 орчим улсад коронавирусний эсрэг вакцинжуулалт эхлээд байгаа бол 130 улс вакцин хүлээн аваагүй байгаа. Азийн орнуудаас Япон улсад коронавирусний эсрэг вакцинжуулалт энэ долоо хоногт эхлэх юм. Япон улсын ерөнхий сайд Суга Ёшихидэ лхагва гарагаас эхлэн вакцинжуулалтын аянд юун түрүүнд эрүүл мэндийн салбарын ажиллагсдыг хамруулахаа онцолсон.
Японы ерөнхий сайд Суга Ёшихидэ даваа гарагт парламентын доод танхимын төсвийн хорооныхонтой уулзалт хийсэн байна. Энэ үеэр тэрээр засгийн газар ард иргэдийг аюулгүй, үр дүнтэй вакцинжуулалтад аль болохоор хурдан хугацаанд хамруулахын төлөө бүх хүчин чадлаа дайчлан ажиллана гэдгийг хэлжээ. Япон улс АНУ ын эм үйлдвэрлэлийн “Пайзер” компанийн вакциныг албан ёсоор бүртгэлжүүлээд байгаа юм. Засгийн эрхийг баригч Либерал Ардчилсан намын гишүүн Мурай Хидеки вакцинжуулалтын төвийн тоог, хүртээмжийг нэмэгдүүлэх ёстой гэдгийг хэлсэн байна. Энэ нь олон мянган хүнийг тарилгад нэгэн зэрэг хамруулах боломжийг бүрдүүлнэ гэдгийг тэрээр онцолжээ. Америкийн Пайзер компанийн вакцин үр дүн өндөртэй ч тээвэрлэж, хадгалахад амаргүй гэсэн шүүмжлэлийг дагуулсаар байна.
| Японд коронавирусний эсрэг вакцинжуулалт лхагва гарагт эхэлнэ | ||
| Үзсэн: 564 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.