Каталонийн салан тусгаарлагчид орон нутгийн сонгуульд ялалт байгуулж парламентад олонхийн суудал эзлэхээр боллоо. Энэ нь өчигдөр болсон орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүн юм. Тодруулбал, сүүлийн мэдээгээр Испаниас салж тусгаар тогтнолоо зарлахын төлөө тэмцдэг 3 нам Каталонийн нэг танхимтай парламентын 135 суудлын 73-ыг нь авах дүн гарсан байна.
Тэдгээрийн нэг нь 2017 онд тусгаар тогтнол зарлах бүх нийтийн санал хураалтыг зохион байгуулсан хэргээр 13 жилийн хорих ялаар шийтгэгдсэн Ориол Жункарес тэргүүтэй Каталонийн зүүний бүгд найрамдахчууд нам юм. Мөн тус бүс нутгийн тэргүүн асан Карлес Пучдемоний дэмжлэг Каталонийн төлөө хамтдаа нам парламентын сонгуулийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг гэдгээ баталсан байна.
Мөн өчигдрийн сонгуулийн дүнгээр Социалист намынхан 34 суудал авахаар боллоо. Харин хэт барууны Вокс нам чамлахааргүй амжилттай оролцож 10 суудалтай болжээ. Тус 2 нам Каталонийн салан тусгаарлалтыг дэмждэггүй, Испанийн нэгдлийн төлөө хүчтэй дуу хоолойгоо илэрхийлдэг юм. Ийнхүү сонгуульд өрсөлдсөн намуудаас аль нь дангаар гүйцэтгэх засаглалын эрхийг авах хэмжээний ялалт байгуулж чадаагүй учир автономит энэ бүс нутагт эвслийн засгийн газар байгуулахаас өөр аргагүйд хүрч байна.
| Каталонийн салан тусгаарлагчид орон нутгийн сонгуульд ялалт байгууллаа | ||
| Үзсэн: 652 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.