Израилийн жуулчид ирэх 4 дүгээр сарын 1-нээс эхлэн коронавирус илрүүлэх PCR шинжилгээ хийлгэлгүйгээр Кипрт аялах боломжтой болно. Энэ тухай Киприйн бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Никос Анастасиадис өчигдөр Израильд айлчлах үеэрээ мэдэгдлээ.
Тэрбээр Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзсаныхаа дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр Киприйн аялал жуулчлалын улсын хороо, Израилийн аялал жуулчлалын яам ийм гэрээ байгуулсныг мэдэгдсэн юм. Энэ хүрээнд Европын эм бэлдмэлийн агентлагаас зөвшөөрсөн вакциныг хийлгэсэн Израилийн иргэдийг Кипрт аялахад нь сөрөг хариутай PCR шинжилгээ хийлгэсэн байхыг шаардалгүйгээр, мөн ажиглан тусгаарлалтад хамруулахгүйгээр нэвтрүүлэх болсон байна. Одоогийн байдлаар Киприйн Грекийн хэсэгт ирж байгаа иргэдийг заавал 3 хоногийн хугацаатайгаар ажиглан тусгаарлалтад оруулж байгаа юм байна.

Мөн тусгаарлалтын хугацаа дуусах үед PCR шинжилгээ авдаг байна. Киприйн эрх баригчид ирэх сарын 1-нээс эхлэн нийт 56 орны иргэдэд хилээ нээхээр төлөвлөөд байгаа юм байна. Гэхдээ эдгээр орны иргэд Кипрт ирснийхээ дараа тусгаарлалтад хамрагдах шаардлагагүй болох ч PCR шинжилгээг 2 удаа өгсөн байх ёстой. Нэгийг нь Кипрт ирэхээсээ 72 цагийн өмнө хийлгэх ёстой бол 2 дахийг нь тус арал дээр ирсэн даруйдаа хийлгэх ёстой юм байна.
Энэ хооронд Израилийн засгийн газрын коронавирусний халдварын тархалттай тэмцэх хороо тус улсын тээврийн яамны 24 цагт 2 мянган зорчигч хүлээн авах саналыг дэмжин баталсан байна. Ингэснээр Израилийн агаарын хилийг хаагаад байгаа энэ үед тодорхой тооны зорчигч хүлээн авахаар нислэгүүдийг сэргээгээд байна. Израилийн тээврийн яамнаас гадаадын агаарын тээвэрлэгчдийн нислэгийг сэргээх боломжуудыг ч судалж байгаа юм байна. Одоогоор Израилийн батлан хамгаалах яам харин зорчигчдыг ажиглан тусгаарлалтад оруулах зочид буудлуудыг бэлтгэж байгаа юм байна. Үүний зэрэгцээ коронавирустэй тэмцэх хорооноос Израильд тогтоосон хөл хорионы дэглэмийг сулруулах хөтөлбөрийг өнөөдрөөс хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
| Израилийн жуулчид ирэх 4 сараас Кипрт аялах боломжтой болно | ||
| Үзсэн: 535 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.