Шууд Chart

Мьянмарын цэргийнхний төрийн эргэлтийг эсэргүүцсэн олон улсын шахалт нэмэгдлээ

2021-02-15 13:40:56

Зүүн Өмнөд Азийн Мьянмар улсад цэргийн эргэлтийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал найм дахь хоногтоо үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар жагсаалын уур амьсгал ширүүсч байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Учир нь Мьянмарын цэргийнхэн жагсаалд цуглаан зохион байгуулсан, уриалан дуудсан, хэв журмынханыг эсэргүүцсэн зэрэг үндэслэлээр жагсагч, идэвхтнүүдийг баривчлан саатуулах нь нэмэгджээ. Ялангуяа шөнийн цагаар баривчилгаа хийж байгаа юм байна. Бямба гарагт гэхэд бизнесийн төв гэгддэг Янгон хот, нийслэл Нейпыйдо, хоёр дахь том хот Мандалай болон бусад хотуудад олон мянган хүн жагсжээ.

Тэд хууль бусаар булааж авсан төрийн эрх мэдлийг ардчилсан эрх баригчдад эргүүлэн өгч, төрийн тэргүүн болон төрийн зөвлөлийн сайд нарыг суллахыг шаардсаар байна. Мьянмарын ард иргэд цэргийн эрх мэдэлтэнгүүд төрийн эрхийг эргүүлж өгөхөөс нааш тэмцлээсээ ухрахгүй гэсэн байр суурьтай байна. НҮБ-ын хүний эрхийн байгууллагын баасан гарагт мэдээлснээр Мьянмарын цэргийнхэн 2 дугаар сарын нэгнээс хойш төрийн албан хаагчид, идэвхтнүүд, лам нар гээд 350гаруй хүнийг баривчлан хорьж,  Заримд нь тодорхойгүй шалтгаанаар гэмт хэрэг тулгаж байгаа юм байна.

Мьянмарын цахим орчинд Цэргийн эрх мэдэлтэнгүүд шөнийн цагаар иргэдээ хулгайлж байна гэсэн агуулгатай сэтгэгдэл, постууд давлагаалж байгаа боловч засгийн газар нь баривчилгааны талаар ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа юм байна. Мьянмар эхлээд энгийн иргэд, оюутан залуучууд төрийн эргэлтийн эсрэг жагсаж байсан бол сүүлийн өдрүүдэд эмч мэргэжилтэн, багш инженер, цагдаа, нисэгчид гээд төрийн албан хаагчид ажлаа хаяж, жагсаалд нэгдэж байна. улс оронд нь байгаа гаднын улс орнуудын ЭСЯ-ын гадна дуу хоолойгоо илэрхийлж, төрийн эргэлтэд олон улсын анхаарлыг татахыг чармайж байна. Мьянмарын цэргийнхэн өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон парламентын сонгууль будлиантай болсон үндэслэлээр энэ сарын 1ний өдөр төрийн эргэлт хийсэн. Ингэхдээ ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч, төрийн сайдуудаа баривчлан хорьсон. Тухайлбал 11 дугаар сарын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан төрийн зөвлөх Аун Сан Су Чиг баривчлан, гэрийн хорионд оруулж, импорт экспортын хууль зөрчсөн үндэслэлээр буруутгаж байна.

Гэтэл Мьянмарын сонгуулийн хороо сонгууль будлиантай болсон гэх нотолгоо байхгүй гэж мэдэгдсэн. Мьянмарын цэргийнхэн сонгууль будлиантай болсон учраас төрийн эрхийг нэг жилийн хугацаанд авлаа, энэ хугацаанд ардчилсан сонгууль явуулж, төрийн эрхийг шилжүүлж өгнө гэсэн байр суурьтай байна. улс орон даяар нэг жилийн онц байдал зарлаж, зарим хотуудад шөнийн хөл хорио тогтоосон. Жагсаалын үеэр хэв журмынхан нь иргэдийн эсрэг хүч хэрэглэх явдал мөн гарч байна. Иргэдийнх нь мэдээлснээр галт зэвсэг ашигласан тохиолдол гарсан.

НҮБ-ын хүний эрхийн зөвлөл сая баасан гарагт ардчиллын төлөө олон жил тэмцсэн Аун Сан Су Чи болон бусад албан тушаалтнуудыг нэн даруй суллаж, жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээс зайлсхийхийг Мьянмарын цэргийн эрх мэдэлтэнгүүдээс шаардсан тогтоол баталлаа. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийг Мьянмарт хориг арга хэмжээ авч, зэвсгийн худалдаанд нь хориг тавихыг хүний эрхийн төлөө тэмцэгчид шаардаж байна. Энэ 7хоногийн эхээр АНУ Мьянмарын армийн генералуудад хориг тавьж, тэдний бизнес, санхүүг царцаасан.

Харин цэргийнхэн нь сая баасан гарагт тохиосон Холбооны улс байгуулсан өдрөөр 23мянга гаруй хоригдол суллаж, хүнд гэмт хэрэгтнүүдийн ялыг хөнгөлсөн. Үүнийгээ ардчилсан улс болох эхлэлийг тавьж байгаа алхам гэж мэдэгдсэн. Харин иргэд нь үүнийг хорих газруудад зай гаргаж, жагсагчдыг хорих бэлтгэл ажил гэж үзэж байна. Төрийн эргэлтийн ард ардчилсан бус том гүрнүүдийн нөлөө байгааг ч зарим хэвлэлүүдэд онцолж байна. Мьянмар улсын тухайд Зүүн Өмнөд Азид оршдог, олон үндэстэн ястантай, 50гаруй сая хүн амтай.

Олон жил цэргийн хунтын дэглэмд захирагдаж байгаад 2010онд ардчилсан сонгууль явуулж, ардчилал эрх чөлөөт нийгмийн шилжилтийн үедээ яваа улс юм. Ардчилалд шилжих үйл явц эхэлснээр тус улсын эсрэг олон улсын эдийн засаг, худалдааны хориг арга саад суларч, олон улсын хамтын ажиллагаанд нэгдэх, эдийн засгаа хөгжүүлэх үйл явцыг аажмаар хэрэгжүүлж байгаа ч цэргийнхний нөлөө хүчтэй хэвээр байгаа юм.  Мьянмарын цэргийнхний энэ удаагийн төрийн эргэлт Мьянмарын ард түмний 50гаруй жил тэмцэж байж цэргийн хунтын дэглэмийг халж, 2011 онд эхлүүлсэн ардчилсан нийгэмд шилжих үйл явцыг саармагжуулах эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мьянмарын цэргийнхний төрийн эргэлтийг эсэргүүцсэн олон улсын шахалт нэмэгдлээ  
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй