Шууд Chart

АНУ-ын Сенатын танхим ерөнхийлөгч асан Дональд Трампыг цагаатгалаа

2021-02-15 13:05:17

АНУ-ын сенатын танхим ерөнхийлөгч асан Дональд Трампыг цагаатгалаа. АНУ-ын сенат ерөнхийлөгч асан Трампыг өнгөрсөн сарын 6нд Капитол хиллд болсон үймээнд ард иргэдийг өдөөн турхирсан үндэслэлээр шүүх хурал энэ долоо хоногийн мягмар гарагт эхэлсэн. Сенатын шүүх хурлын төгсөлд явуулсан санал хураалтаар сенатын гишүүд 57:43 гэсэн санал өгснөөр Трампыг цагаатгалаа.

Түүнийг гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэхэд сенатын танхимын гишүүдийн гуравны хоёрын буюу 67гишүүний дэмжлэг шаардлагатай байсан. Гэвч сенатын танхимын 100 гишүүний 57нь түүнд хариуцлага тооцохыг дэмжиж, 43 нь эсрэг санал өгчээ. Өөрөөр хэлбэл сенатын танхим дахь Ардчилсан намын 50 гишүүн дээр Бүгд найрамдах намын 7 гишүүн нэмж санал өгсөн ч гуравны хоёрын босгод хүрээгүй. Сенатын танхим цагаатгасны дараа Трамп “өөрийг нь шүүсэн явдлыг АНУ-ын түүхэн дэх хамгийн том намнах, улс төрөөс хөөх гэсэн ажиллагаа” гэж мэдэгдсэн байна. Түүнийг 1 дүгээр сарын 6нд Конгрессын ордонд 5н хүний амь насыг хохироосон үймээнд дэмжигчдээ өдөөн турхирсан үндэслэлээр буруутгасан юм.

Энэ хугацаанд Бүгд найрамдах намынхан бүрэн эрхийн хугацаа нь дууссан ерөнхийлөгчийг шүүх нь үндсэн хуульд нийцэхгүй гэдэг байр суурьтай байсан. Харин ардчилсан нам ард түмний эв нэгдлийг хангах ёстой ерөнхийлөгч сонгуулийн үр дүнг ямар ч нотолгоогүйгээр үгүйсгэж, дэмжигчдээ үймээн самуунд өдөөн турхирсны хариуцлагыг Трамп хүлээх ёстой гэсэн  байр суурьтай байж, үүнийгээ нотлох дуу бичлэг, дүрс бичлэг зэргийг Сенатын шүүх хуралд оруулж ирж танилцуулсан. Гэвч Сенатын танхимд хоёр намын суудал тэнцүү учраас олонхийн дэмжлэгийг авч чадсангүй. Хэрвээ Сенатын танхимын гуравны хоёрын дэмжлэгийг авч чадсан бол Ардчилсан нам АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампыг дахин төрийн өндөр албан тушаал хаших эрхийг нь хязгаарлах боломжтой байсан. Гэхдээ Трамп хоёр удаа сенатаар гэм буруугаа шүүлгэсэн АНУ-ын анхны ерөнхийлөгч, сенатаар шүүлгэсэн гурав дахь ерөнхийлөгч болж түүхэнд бичигдэж байна.

Өнгөрсөн 2020 оны эхээр мөн л АНУ-ын сенат Дональ Трампыг гаднын улсад шахалт үзүүлсэн, конгрессын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэсэн хоёр үндэслэлээр шүүсэн ч сенатын танхим мөн л цагаатгаж байсан.  Шинжээчид сенатын шүүх хурлын үр дүн Трампын хувьд ялалт боллоо. Одоо 74 настай Дональд Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Америк нэгдүгээрт бодлогоо үргэлжлүүлэхээр дахин өрсөлдөх эрх нь нээлттэй үлдлээ. Трампын өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд явуулж байсан зарим бодлого Америкчуудын дунд үнэлэгдэж байсан, нөгөө талаар сая болсон сонгуулиар Байденд бага саналын зөрүүгээр ялагдсан учраас түүнийг дэмжих олон нийтийн хүч бий.

Үүндээ тулгуурлаж тэрээр дахин ерөнхийлөгчид өрсөлдөж магадгүй. Гэхдээ Америкийн ард түмэн Капитол хилд болсон үйл явцыг мартахгүй. Трамп ерөнхийлөгч хэдийгээр хуулийн хариуцлага хүлээлгүй үлдэж чадсан ч түүний бослого үймээнд өдөөн турхирсан гэдэгтэй санал нэг байгаа олон хүн байна. Бүгд найрамдах намын зарим гишүүд ч Трампын өдөөн турхирсан үйлдэлд дургүйцэх хандлага бий болсон. Эдгээр хүчин зүйлийн аль аль нь Трампын улс төрийн цаашдын карьерт нөлөөлөхийг үгүйсгэхгүй гэж шинжээчид харж байна. Импичментийн тухайд АНУ-ын ерөнхийлөгч үндсэн хууль зөрчсөн үйлдэл гаргавал конгрессын төлөөлөгчдийн танхим түүнд итгэл үзүүлэх эсэхээр санал хураадаг, хэрвээ олонх нь итгэл үзүүлэхгүй гэсэн санал өгвөл дараагийн шатанд сенатын танхим ерөнхийлөгчийг гэм буруутай эсэхийг шүүх хурал явуулдаг. Шүүх хурлаар сенатын гуравны хоёр нь дэмжвэл ерөнхийлөгчийг албан үүргээс нь чөлөөлдөг үйл явц юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Сенатын танхим ерөнхийлөгч асан Дональд Трампыг цагаатгалаа   
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй