Шууд Chart

ХБНГУ хатуу хөл хориог 3-р сарын 7-н хүртэл дахин сунгалаа

2021-02-12 11:16:19

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Германы 16 мужийн захирагч нар хоёр дахь хатуу хөл хориог 3-р сарын 7-н хүртэл сунгахаар шийдвэрлэжээ. Тус улсад коронавирусний халдварт тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд буурч байгаа хэдий ч коронавирусний мутацид орсон шинэ хувилбарууд цар тахлын гурав дахь давлагааг үүсгэх эрсдэл өндөр байгаатай холбогдуулан хатуу хөл хориог дахин сунгахаар болсон байна.

Холбооны канцлер, мужийн захирагч нарын тохиролцооны дагуу энэ сарын 14-нд дуусах байсан хатуу хөл хорионы дэглэмд зарим нэг өөрчлөлт оруулжээ. Тухайлбал одоо хаалттай байгаа үсчний газруудыг хөл хорионы дэглэм баримтлах нөхцөлтэйгээр 3-р сарын нэгнээс нээх юм байна. Герман улс өнгөрсөн оны 11-р сард хоёр дахь удаагаа хөл хорио тогтоож, халдварын тархалт эмнэлгийн ачааллыг давах төлөвтэй болсонтой холбогдуулан Зул сарын баярын өмнө хөл хориог сунгаж, чангатгасан. Хөл хориог чангатгаснаар шар айрагны газрууд, ресторан болон бусад үйлчилгээний газруудыг хаасан. Лхагва гарагийн байдлаар Герман улс даяар 24 цагийн дотор коронавирусний халдварт 8072 шинэ тохиолдол, нас барсан 813 тохиолдол бүртгэгджээ. Тус улсад цар тахлын хугацаанд нийт 63 мянган хүн нас баржээ. Харин сүүлийн 7 хоногт халдварын шинэ тохиолдол 100 мянган хүн тутамд 68 болж буурчээ. Засгийн газар нь халдварын голомтыг хумихын тулд энэ тоог 100 мянган хүн тутамд 50 болгон бууруулахаар зорьж байна. Канцлер Меркель халдварын шинэ тохиолдол хоёрхон долоо хоногийн дотор 100 мянган хүн тутамд 110 байснаас буурч байгаа нь засгийн газрын гол зорилт амжилттай урагшилж байгаагийн дохио гэж үзсэн байна.

Гэхдээ тэрээр хэрвээ засгийн газар халдварын голомтыг эрт хумьж чадвал коронавирусний мутацид орсон шинэ хувилбарууд  цар тахлын гурав дахь давлагаа үүсгэх эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна гэж үзэж байна. Германд сургуулиудын хичээлийг оруулах асуудал холбооны засгийн газар болон мужийн засаг захиргааны хооронд зөрчилдөх гол сэдэв болсоор байгаа. Зарим мужийн захирагч цэцэрлэг, бага сургуулийн хичээлийг эхлээд нээх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Германд мужийн засаг захиргаа боловсролын салбарын үйл ажиллагааг бие даан шийдэх зэргээр эрх мэдэлтэй байдаг.

Гэвч Германы эрүүл мэндийн салбарынхан хөл хориог одоогийн дэглэмээр нь сунгах нь зөв гэж шаардсан байна. Одоо Германы засгийн газар цэцэрлэг, бага сургуулийн багш нарыг ойрын үед вакцинд хамруулах ажлыг судалж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ хатуу хөл хориог 3-р сарын 7-н хүртэл дахин сунгалаа  
Үзсэн: 1028 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй