Шууд Chart

Мьянмарын зэвсэгт хүчний Ерөнхий командлагч олон нийтэд хандаж мэдэгдэл хийлээ

2021-02-09 13:58:45

Мьянмарын зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, генерал Мин Аун Хлайн улс орондоо цэргийн эргэлт хийсний дараах анхны мэдэгдлээ хийсэн байна. Тэрбээр энэ үеэрээ өнгөрсөн оны бүх нийтийн сонгуулийн үеэр зөрчил ихээр гарсан учир цэргийн эрхтнүүдийн төр засгийн эрхийг гартаа авах алхам зөв байсныг онцолсон байна.

Генерал Мин Аун Хлайн олон нийтэд хандаж телевизээр мэдэгдэл хийхдээ сонгуулийн хороо, Ерөнхийлөгч болон парламент цэргийнхний тавьсан хүсэлтүүдийг хүлээн авч хариу арга хэмжээ авахаас татгалзсаныг сануулсан байна. Мөн тэрбээр үндсэн хуулийн дагуу жинхэнэ ардчиллыг тогтоохын тулд улс орон даяар онц байдал зарлахаас өөр сонголт байгаагүйг тайлбарласан байна.

Гэхдээ Мьянмарын зэвсэгт хүчний Ерөнхий командлагч тус улсын төрийн зөвлөх, эрх баригч намын дарга Аун Сан Су Чжи болон улс орон даяар өрнөөд байгаа эсэргүүцлийн жагсаалын тухай энэ мэдэгдлийнхээ үеэр дурсаагүй байна.

Энэ хооронд Мьянмарын бизнесийн төв гэгддэг Янгон хотод эрх баригч намын дарга Аун Сан Су Чжиг дэмжигчид цэргийн эрхтнүүдийн тогтоосон онц байдлын дэглэмийг үл тоон эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлсээр байна. Төр засгийн эрх мэдлийг гартаа авсан цэргийнхэн өчигдрөөс эхлэн улс орон даяар жагсаал цуглаан хийхийг, 5-аас дээш хүн нэг дор цуглахыг хориглосон. Гэвч өнөө өглөө цэргийн Засгийн газрыг эсэргүүцэж, эрх баригч намын удирдагчдыг суллахыг шаардагсад Янгонд олноороо жагсаал цуглаанд нэгдэцгээсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мьянмарын зэвсэгт хүчний Ерөнхий командлагч олон нийтэд хандаж мэдэгдэл хийлээ   
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй