Германы Гадаад хэргийн яамнаас Берлин дэх ОХУ-ын Элчин сайдын яамны нэг ажилтныг "Персона нон грата" буюу "Тааламжгүй этгээд" гэж зарласан байна. Энэ тухай Германы Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн юм.
Энэ нь Москва дахь ХБНГУ-ын Элчин сайдын яамны нэг ажилтан болон Европын холбооны гишүүн бусад орны дипломатуудыг нутаг орноосоо гарахыг шаардсан Москвагийн шийдвэрийн хариуд Германы Засгийн газраас авч буй арга хэмжээнд тооцогдож байна. Германы Гадаад хэргийн яамны ажилтан Москвагийн энэ шийдвэрийг юугаар ч зөвтгөх боломжгүй алхам гэж тодорхойлсон байна.
Мөн Германы дипломат Москвад болсон эсэргүүцлийн жагсаалд очсон нь Венийн дипломат харилцааны тухай конвенцийн хүрээнд үүргээ гүйцэтгэж нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах зорилготой байсныг тайлбарласан байна.
Оросын дипломатуудаас нутаг орныг нь орхин гарахыг Германаас гадна Швед, Польш улс шаардаад байна. Шведийн Гадаад хэргийн сайд Анн Линде олон нийтийн сүлжээ "твиттер" хуудсаараа дамжуулан ОХУ-ын Элчин сайдад нэг ажилтнаа нутаг орноос нь гаргахыг шаардсан тухайгаа мэдээлснээ мэдэгдсэн байлаа. Энэ нь албан үүргээ гүйцэтгэж явсан Шведийн дипломатыг албадан гаргах Москвагийн шийдвэрийн хариу гэдгийг ч тэрбээр онцолжээ.
Энэ хооронд Европарламентын гишүүд Герман, Польш, Шведийн дипломатуудыг "Персоно нон грата" буюу "Тааламжгүй этгээд" гэж зарлаж албадан гаргах шийдвэрийг буруушаасан байна. Мөн Венийн конвенцид дипломат ажилтнуудад тухайн ажиллаж буй улс орондоо болж байгаа үйл явдлын мэдээллийг хуульд заасан бүх аргаар олж авахыг Венийн конвенциор зөвшөөрдөг гэдгийг сануулсан байна.
ОХУ хоёрдугаар сарын 5-ны өдөр Герман, Польш, Швед улсуудын дипломат ажилтнуудыг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр Москва болон Санкт-Петербург хотуудад болсон сөрөг хүчний удирдагчдын нэг гэгддэг Алексей Навальныйг дэмжигчдийн жагсаал цуглаанд оролцсон гэж буруутгаж нутаг орноосоо албадан гаргахаар болсноо зарласан билээ.
| Берлин дэх ОХУ-ын ЭСЯ-ны нэг ажилтныг "Тааламжгүй этгээд" гэж зарлалаа | ||
| Үзсэн: 659 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.