Шууд Chart

АНУ, ОХУ-ын харилцааг хэвийн болгох асуудлаар Сергей Лавров, Энтони Блинкен нар ярилцлаа

2021-02-06 10:07:18

АНУ-ын ерөнхийлөгч  Вашингтоны гадаад бодлогын шинэ чиг баримжааг тодорхойлж мэдэгдэл хийсэн үйл явдалтай зэрэгцэн  ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров, Америкийн Төрийн Нарийн Бичгийн дарга Энтони Блинкен нар утсаар ярилаа. Тэд АНУ, ОХУ-ын харилцааг хэвийн болгох, сайжруулах боломжийг хэлэлцсэн байна.

Энтони Блинкен энэ оны 1-р сарын 26-нд АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн даргаар сонгогдсон юм. Тэрээр энэ албан тушаалд томилогдсоноос хойш анх удаагаа ОХУ-ын Гадаад Хэргийн сайдтай утсаар ярилцлаа. Сергей Лавров АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн даргаар сонгогдсон явдалд Энтони Блинкенд баяр хүргэжээ. Мөн тэд цөмийн зэвсгийн тоог хязгаарлах хэлэлцээрээс гадна хоёр орны хоорондох  харилцаанд таагүй уур амьсгалыг бий болгоход нөлөө үзүүлсэн хэд хэдэн асуудлыг хөндөн ярилцлаа. Тухайлбал, Энтони Блинкен ОХУ Украины Крымийн хойгийг өөртөө нэгтгэсэн мөн Оросын Украин дахь цэргийн ажиллагааны талаарх асуудлыг  сөхсөн байна. Ер нь Украины асуудал  АНУ, ОХУ-ын хоорондох  харилцаа муудахад гол нөлөө үзүүлсэн юм. Үүнээс гадна Блинкен, Лавров нар Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулсан гэх хэрэг, Оросын хакерчид АНУ-ын төрийн байгууллагууд руу  кибер халдлага явуулсан зэрэг ноцтой асуудлыг ч хэлэлцсэн байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Москва, Вашингтонтой бүх талын харилцаагаа сайжруулах, хэвийн  түвшинд аваачихад бэлэн байгааг илэрхийлжээ. Гэхдээ Лавров Оросын дотоод хэрэгт оролцохгүй  байхыг АНУ-ын талд  давхар сануулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, ОХУ-ын харилцааг хэвийн болгох асуудлаар Сергей Лавров, Энтони Блинкен нар ярилцлаа   
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй