МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнөөдөр туялзуур сэлэмний “Warriors fencing” клубийн дасгалжуулагч Г.Халиунаатай хамтран ажиллах хариуцлагын гэрээг үзэглэлээ. Г.Халиунаа нь МҮОХ-ноос энэ оны гуравдугаар сарын 4-нд Монголын спорт холбоодуудын дунд зарлагдсан ОУОХ-ны эв санааны нэгдлийн тэтгэлэгт дасгалжуулагчийн сургалтад сонгогдсон байна. Ингэснээр тэрбээр АНУ-ын Делаваре их сургуульд хагас жилийн турш цахим болон танхимын сургалтад суралцах юм. Түүний сургалт ирэх аравдугаар сард эхлэх бөгөөд 2021 оны гуравдугаар сард дуусах юм.

Улмаар 2021 оны аравдугаар сард Швейцарын Лозанн хотноо сэдэв хамгаалах шалгалтаа өгөхөөр болжээ. Түүнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр дасгалжуулагч Г.Халиунаад амжилттай суралцаж төгсөөд туялзуур сэлэмний спортод тууштайгаар ажиллаж, энэ спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулхыг хүсч байгаагаа хэллээ.
Г.Халиунаа 2015-2019 онд туялзуур сэлмийн хүнд сэлмийн төрөлд Азийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн наадамд тамирчнаар оролцож байсан. Мөн тэрбээр Монгол Улсаас гадаадад дасгалжуулагчаар ажилласан туялзуур сэлмийн анхны багш юм. Тэрбээр БНХАУ-ын Уши хотын ахлах сургуулиудын шигшээ багт ажиллаж байжээ.

Өнөөдрийн энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт Монголын туялзуур сэлэмний холбооноос дурсгалын сэлмийг тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатар гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.
Эх сурвалж: МҮОХ
| Дасгалжуулагч Г.Халиунаа АНУ-д боловсрол эзэмшинэ | ||
| Үзсэн: 594 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.