Шууд Chart

Загас үржүүлгийн аж ахуйн чиглэлээр хамтран ажиллана

2014-03-11 10:28:45

Монгол Улсаас Норвегийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Алтай Норвегийн Хаан V Харалдад Итгэмжлэх жуух бичгээ барьжээ.
Цог жавхлант Хаан V Харалд Элчин сайд З.Алтайг Итгэмжлэх жуух бичгээ барьсных нь дараа хүлээн авч уулзан хоёр талын харилцааны асуудлаар санал солилцжээ.
Уулзалтын үеэр Элчин сайд З.Алтай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, 2014 онд тохиож буй Норвегийн Үндсэн хуулийн 200 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлсэн бөгөөд хоёр улсын улс төрийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхитэй хөгжиж байгааг тэмдэглэн цаашид энэхүү харилцааг хадгалж, худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, Монголд өвлийн спортыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

 
Түүнчлэн Элчин сайд З.Алтай Итгэмжлэх жуух бичгээ барихаар Осло хотод томилолтоор ажиллах үеэрээ тус улсын Стортинг /Парламент/-ийн Ерөнхийлөгч Олаф Майкл Томмессентэй уулзаж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцсоноос гадна Норвегийн ГХЯ-ны холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийж, хоёр талын харилцааны талаар ярилцсан бөгөөд Норвегийн загас үржүүлгийн аж ахуй болон өндөр технологит хүлэмжийн ногооны аж ахуйг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар бизнесийн зарим төлөөлөлтэй тохиролцжээ.
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Загас үржүүлгийн аж ахуйн чиглэлээр хамтран ажиллана  
Үзсэн: 1127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй