Шууд Chart

Дональд нугас 85 "нас"-тай

2019-07-30 14:59:52

Уолт Дисней буюу бүтэн нэр нь Уолтер Элиас Дисней нь АНУ-ын хүүхэлдэйн киноны зураач, продюссер, найруулагч, зохиолч, дуу оруулагч, бизнесмэн байсан юм. Ах Рой Диснейн хамт байгуулсан дэлхийд алдартай "Уолт Дисней" компани нь өдгөө жилийн орлого нь 35 тэрбум доллар хүрэх олон улсын корпораци болон хөгжжээ.

Түүний бүтээлүүд дотроос хамгийн алдартай нь "Микки Мауз" буюу "Микки хулгана" бөгөөд тэрээр олон жил энэ баатрынхаа дууг өөрөө оруулж байв. Мөн "Дональд нугас" болон "Минни Мауз", "Плуто" нохой гээд зөвхөн хүүхэд багачууд гэлтгүй томчуудын ч үзэх дуртай, хайртай хүүхэлдэйн киноны баатруудыг зохиожээ. 

Уолтер Элиас Дисней Америкийн кино академийн шагналд 59 удаа нэр дэвшиж, Оскарын 26 шагнал хүртсэн нэрт уран бүтээлч. Тэрээр нэг жилд Оскарын дөрвөн шагнал авсан бөгөөд Оскарын хамгийн их шагналтай болон хамгийн олон удаа нэр дэвшсэн амжилтын эзэн гэгддэг.

Үүнээс гадна долоон удаа "Эмми"-гийн шагнал хүртсэн байна. АНУ, Япон, Франц, Хятад зэрэг дэлхийн олон оронд түүний нэрээр нэрлэсэн "Диснейлэнд", "Уолт Дисней" амралт, зугаа цэнгээний хүрээлэн үйл ажиллагаагаа явуулдаг.

Хүүхэлдэйн киноны нэрт уран бүтээлч АНУ-ын Флорида муж улсад "Диснейлэнд" амралт зугаа цэнгээний хүрээлэн байгуулах төслийн нээлт хийхээс хэдхэн жилийн өмнө буюу 1966 оны 12 дугаар сарын 15-нд 65 насандаа уушгины хорт хавдрын улмаас насан өөд болсон байдаг. 

Гэсэн ч түүний бүтээсэн дүрүүд өнөөдөр ч хүн төрөлхтний хайртай баатар хэвээр байгаа юм. Уолтер Элиас Диснейн хамгийн алдартай бүтээлийн нэг "Дональд нугас" энэ жил 85 "нас" хүрчээ.

"Дональд нугас" 1934 оны зургаадугаар сарын 9-ний өдөр дэлгэцнээ гарсан "Хөгжилтэй симфониуд" цувралын "Ухаант бяцхан тахиа" нэртэй ангиар анх үзэгчидтэй уулзаж байсан аж.  

 


Дональд нугас 85 "нас"-тай   
Үзсэн: 2644 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй