Шууд Chart

Энэ нэг их чухал биш юм шиг хэрнээ хамгийн чухал зүйл ч байж мэднэ

2018-08-21 08:49:24

Энэ нэг их чухал биш юм шиг хэрнээ хамгийн чухал зүйл ч байж мэднэ. Манай тамирчид мундаг байна аа. Харин энэ гадуурх өмсгөл хувцас үнэхээр биш ээ. Үнэндээ үүнээс хэзээ ч монгол гэсэн үнэр үнэртэж байсангүй. Бид ямар ч спортын тэмцээн уралдааны үеэр тамирчин, хөгжөөн дэмжигчийн өмсгөл хувцасыг хараад улбар шар бол нидерланд, шар-ногоон бол бразил, шар эсвэл ногоон бол австрали, хүрэн-ногоон бол португал, цагаан-усан цэнхэр бол аргентин, шоотой цагаан-улаан бол хорват, цагаан-цэнхэр-улаан бол франц, гадуурх хувцас нь хар хөх бол америк эсвэл британи гэх мэтчилэн шууд таньдагсан.

Харин тогтсон өнгө төрхгүй монголчуудыг гадныхан хараад шууд таньдаг болов уу. Миний мэдэхийн олимпийн багийнхан 2000 онд Сиднейд улаан, 2004 онд Афинд ногоон, 2008 оны Бээжинд алтан шар өнгийн пиджак, 2012 онд Лондонд цагаан өнгийн куртка өмссөн санагдаж байна. Бас нэг Азийн наадмаар улаан өнгийн "Jordan"-аар гангарсан.

Бүр сүүлд өвлийн олимпод саарал, хар бараан гээд хамгийн даржин харагдах бүхнийг өмссөн санагдаж байна. Бараг л хорвоогийн хамаг өнгийг дуусгасан даа. Бидэнд Монгол гэдгийг илтгэсэн өнгө төрх, брэнд байна уу. Манайхан аятайхан өнгө дизайн гаргаж, спортын хувцас хэрэглэлийн компанид тэр дагуу, басхүү тамирчдынхаа биенд яг тохирсон хэмжээгээр захиалж болдоггүй юм байх даа. За тэгээд МҮОХ, тухайн төрлийн спортын холбооны алиных нь өмсгөл хувцасыг өмсөх ёстой байдаг юм бэ.

Нэг улсын, нэг спортын төрлийн, нэг өдөр медаль хүртсэн гурван тамирчин нь өөр өөр өнгийн өмсгөл хувцастай зураг авахуулах улс манайхаас өөр байдаг юм болов уу. Энэ нэг их чухал биш юм шиг хэрнээ хамгийн чухал зүйл ч байж мэднэ.

Д.Нанжид


Энэ нэг их чухал биш юм шиг хэрнээ хамгийн чухал зүйл ч байж мэднэ  
Үзсэн: 765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй