Шууд Chart

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын 85 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

2017-12-12 11:48:58

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын 85 жилийн ойн хүндэтгэлийн  тоглолт өнөөдөр "Соёлын төв өргөө"-нд 13 цагаас болно. Хүндэтгэлийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд оролцоно. Мөн Батлан хамгаалах салбарын үе  үеийн төлөөлөл, ахмад дайчид, уран бүтээлчид хүрэлцэн ирнэ.

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга 1932 оны 12 дугаар сарын 12-ны өдөр уран бүтээлийнхээ анхны тоглолтоо толилуулсанаар одоогийн Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын түүхэн замнал эхэлсэн юм. Чуулга улс орныг батлан хамгаалах хүчийг бэхжүүлэн хөгжүүлэх, Зэвсэгт хүчний дайчид, нийт хөдөлмөрчид, залуучуудыг цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд ардын уламжлалт ёс заншил, гоо зүй, ёс суртахууны хүмүүжил олгохыг уран бүтээлийн зорилгоо болгон ажиллаж ирсэн мэргэжлийн урлагийн ууган байгууллага бөгөөд монгол улсын урлагийн тэргүүлэх зэргийн байгууллага болтлоо хөгжиж иржээ. 1932-1942 онуудад Цэргийн театр, чуулгын үүргийг хослон гүйцэтгэж, үндэсний болон дэлхийн сонгодог жүжгүүдийг өөрийн тайзнаа амьдруулсны зэргэцээ Монголд анхны найрал дуу, хөгжим, бүжгийн хамтлагийг үүсгэн байгуулсан байна.

ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн эгнээнээс олон арван алдар цуутан, төрийн шагналтнууд, ардын жүжигчид, урлагийн гавьяат зүтгэлтнүүд, түүний дотроос 50 гаруй гавьяат жүжигчид төрөн гарсан байна. Найрал дууны анги нь Монголын урлагийн түүхэнд “60 хар” хэмээн алдаршсан хамгийн анхны эрэгтэй найрал дуучдын суурийг тавьсан бөгөөд Монголын дууны урлагийн түүхэнд “Цэрэг эх орны” сэдэвтэй дууг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна, Тэдний дотроос МУГЖ Б.Төмөр, Л.Цэрэнпил, Д.Дашням, Ө.Баярмагнай, Д.Тунгалаг, Н.Отгон, Г.Жанчив, Ч.Туул, Г.Батбаяр зэрэг авьяаслаг дуучид, алдартнууд төрөн гарсан билээ.
   


Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын 85 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно  
Үзсэн: 4917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй