Шууд Chart

Иран, Турк улсууд Курдуудад дарамт шахалт үзүүлэхээр санал нэгджээ

2017-10-05 13:51:03

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган, лхагва гарагт Тегеранд айлчлах үеэрээ Ираны ерөнхийлөгч Хасан Роуханитай уулзсан. Талууд энэ уулзалтаараа, Иракийн Курдистан мужийн захиргаанд үзүүлэх хариу шахалтаа чангатгана хэмээн тохиролцжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, энэ арга хэмжээнд мөн Иракийн төв засгийн газар хамтран оролцох юм байна.

Хоёр улсын төрийн тэргүүн уулзалтынхаа дараа хамтарсан хэвлэлийн хурал хийж, Турк Иран улсууд Ирак дахь Курдуудын асуудалд илүү шийдвэртэй алхам хийнэ хэмээн мэдэгдсэн байна. Энэ үеэр Туркийн ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган, бие даан тусгаар тогтнох Курдуудын санал асуулгыг хууль бус санал асуулга хэмээсэн бол, Ираны ерөнхийлөгч Хасан Роуханы, “ямар ч нөхцөл байдал үүссэн хилийн зурвасыг өөрчлөхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ мэдэгджээ.

Өнгөрөгч 9 дүгээр сарын 25нд Иракийн хойд бүс Курдистан муж, Иракаас салан тусгаарлах санал асуулга явуулахад Курд бүс нутгийн ард иргэдийн дийлэнх нь энэ шийдвэрийг дэмжсэн юм. Иран, Турк 2 улс бүс нутагтаа сөргөлдөж, дайсагнасан байдалтай байдаг ч, Сирийн хямрал болоод, Ойрх дорнодын бусад асуудлуудаар ойртож, санал нэгдэх болсныг хэвлэлүүд тэмдэглэж байгаа юм.

Мөн худалдааны эргэлтийг 10 тэрбум доллараас 30 тэрбум долларт хүргэж, илүү нягт хамтран ажиллахаар төлөвлөж байгаа талаар Туркийн ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган хэлж байна. Мөн 2 улс, эрчим хүчний салбарт хамтран ажиллаж, өөр өөрсдийн мөнгөн тэмдэгтийг ашиглаж худалдаа хийдэг болно хэмээн мэдэгджээ.


Иран, Турк улсууд Курдуудад дарамт шахалт үзүүлэхээр санал нэгджээ  
Үзсэн: 945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй