Шууд Chart

МҮОХ-ныхон туйванч М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээнд сая төгрөг хандивлажээ

2017-05-18 15:22:09

"Өнөөдөр” сонины эхлүүлсэн “Аавын эзгүйд” реалити сурвалжлага олон нийтэд хүрч, гол баатар болох Зэвсэгт хүчний 189-р ангийн захирагчийн орлогч Ч.Мөнхжанцан дэд хурандаагийн дунд охин, хүндийг өргөлтийн ОУХМ М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний зардлыг босгох хандивын аяныг эхлүүлээд буй.

Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн ч “Би эх орныхоо төлөө төмөр өргөдөг” гээд гадаадынхны саналыг хүлээж аваагүй алтан охин Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ 6-р сарын 15-ны дотор БНСУ-ын "Ханган сү" эмнэлэгт гүн түлэгдлийн дараах шатны хагалгаанд ороход 65 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Олон нийтийн санаачилгаар эхлүүлсэн хандивын аяны хүрээнд хоёр хоногийн дотор 800-гаад мянган төгрөг цуглаад байгаа бөгөөд өнөөдөр МҮОХ-ны ерөнхийлөгч, Монголын хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн охины эмчилгээний зардалд туслах хандивын аяныг дэмжин, 1 сая төгрөг хандивлалаа. Тэрбээр "Эх орныхоо нэрийг тив, дэлхий, олимпын дэвжээнд гаргаж буй манай шилдэг тамирчдын нэг М.Анхцэцэгийн ар гэрт тохиолдсон гачигдал, зовлонг бид хамт олноороо хуваалцаж байгаа юм.

Цаашид энэхүү аяныг дэмжин, хамтарч ажиллахыг нийт тамирчид болон спортын бусад холбоодод уриалъя. Өвчин зовлон хэлж биш хийсэж ирдэг. Бидний хэнд маань ч ийм гачигдал тохиолдож болох учраас нэгэндээ элгэн халуун сэтгэлээр тусалдаг сайхан уламжлалтай ард түмэн бол монголчууд. Тиймээс та бүхнийг ч мөн аянд нэгдэн, хүндийг өргөлтийн шилдэг тамирчин М.Анхцэцэгийн дүүд тусалж, ирээдүйд эгч шигээ сайн тамирчин болох мөрөөдлөө биелүүлэхэд нь тус нэмэр болохыг уриалж байна" хэмээн ярилаа.

Төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч М.Номин-Эрдэнэ өнгөрсөн намар сургууль дээрээ ангийнхныхаа хоолыг (20-ын кострюльтай хоол) өргөж яваад өөр дээрээ алдаж айхтар түлэгджээ. Түүнд туслахаар сургуулийнхан нь Сүхбаатар дүүргийн Боловсролын газартай хамтран, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хандсан бөгөөд өнгөрсөн хугацаанд зургаа орчим сая төгрөг цуглажээ. Гэвч энэ нь Солонгост түлэгдсэн арьсыг нөхөн засах хагалгааны зардлынх нь 10 орчим хувьтай дүйх мөнгө юм. Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо гэдэг шиг Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулийн сурагчид хүртэл халуун сэтгэлээр охинд 74 мянган  төгрөг цуглуулж өгсөн нь одоо түрхэж буй сорвины нэг тосоо авах мөнгө гээд бодохоор ямархуу зардал гардаг нь ойлгомжтой. М.Анхцэцэгийг дэлхийн хэмжээний тамирчин болтол эцэг, эх нь амаргүй зам туулж, уйгагүй зүтгэсэн шигээ өдгөө дунд охиноо Солонгост эмчлүүлэхийн тулд аав Ч.Мөнхжанцан нь саяхан  Афганистаныг зорьж, энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй. Гэвч солонгос эмнэлгээс зургадугаар сарын 15-ны дотор ирж, хагалгаа хийлгэх хэрэгтэй гэсэн албан бичиг ирсэн тул цаг хугацаа улам давчуу болоод байгаа юм. 

Та бүхнийг "Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн туйванч М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая" аянд нэгдэн, ЭЭЖ Д.Мөнхчимэгийнх нь нэр дээр нээлгэсэн (ХААН банк 5071320523), (Худалдаа хөгжлийн банк 451038475) тоот дансанд хандив өргөхийг уриалж байна.




МҮОХ-ныхон туйванч М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээнд сая төгрөг хандивлажээ   
Үзсэн: 1302 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй